АНУ-ын Калифорнийн иргэн Ковид-19-ийн халдвар аван бие нь хүндэрч комд оржээ. Хоёр сарын турш комын байдалтай байсан эмэгтэй эргэн сэргэсэн тухай CNN мэдээллийн сайт дамжууллаа.
Андреа Арриага Борхес CNN-ийн сэтгүүлч Брианна Кейлрт ярилцлага өгөн өөрт тохиолдсон явдлаа тоочжээ. Тэрээр Ковид-19-ийн халдвар авах үедээ коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй байсан аж. Таван хүүхдийн ээж Борхесийн шинжилгээний хариу 2021 оны тавдугаар сард эерэг гарсан бөгөөд хэд хоногийн дараа яаралтай тусламжийн тасагт ухаангүй хүргэгдсэн байна.
Тэрээр CNN сувгийн "Шинэ өдөр" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Би 65 хоног ухаангүй байсан. Би нийтдээ дөрвөн сар хагасын турш эмнэлэгт хэвтсэн. Би алхаж ч чадахгүй болсон. Үүгээр ч зогсохгүй 35 кг жин хасч, тэргэнцэртэй л хөдөлдөг байлаа. Одоо л алхаж сурч байгаа" гэжээ.
Энэ жил 48 настай Арриага Борхесийн бие сайжирч, эдгэрэлт нь сайн байгаа ч Ковид-19-ийн нөлөө нь үлддэг юм байна гэдгийг онцлон хэлжээ. Тэрээр хэдэн сарын турш хооллох тал дээр асуудалтай байсан байсан бөгөөд ярьж чадахгүй байсан аж.
Арриага Борхес "Эмч нар хүүхдүүд, эгч, нөхөрт минь намайг амьд үлдэх магадлал 5 хувьтай байгаа гэж хэлсэн" гэж хэлсэн ч гайхамшигтай тохиолдлоор наймдугаар сарын 29-нд комоос сэргэж, удалгүй эмнэлгээс гэрийн эмчилгээ, сувилгаанд шилжжээ.
Арриага Борхес өмнө нь вакцинжуулалтыг эсэргүүцдэг байсан бөгөөд тамхи татдаггүй, зүрх, уушгины асуудалгүй, эрүүл нэгэн байсан гэж өөрийгөө тодорхойлсон байна. "Би Ковид-19-ийн халдвар авсан ч дөрөв, тав хоног өвдөөд зүгээр болчихно гэж бодсон ч тэгээгүй" гээд коронавирусын вакцинд хамрагдах хэрэгтэй гэдгийг бусдад уриалжээ. "Миний туулж өнгөрүүлсэн зүйлийг хэн ч даван туулахыг би хүсэхгүй байна. Миний хэлж чадах цорын ганц зүйл бол нэмэлт хамгаалалттай байж, вакцинд хамрагдаарай. Өдөөгч тунгаа тариулаарай. Хүн бүрд сонгох эрх нь бий ч өөрийгөө болон бусдыг хамгаалах нь таны хувиа бодсон сонголтоос дээгүүрт орших ёстой шүү" гэжээ.