НЗДТГ-ын Цэргийн штабаас нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг 2022.01.05-2022.01.21-ныг дуустал зохион байгуулна. Энэ жилийн цэргийн бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд болон цахим шинэчлэлийн хүрээнд e-mongolia систем ашиглан явуулахаар болсон талаар мэдээлэл хийлээ.
БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн хурандаа С.Рагчаадорж “Өнөөдрөөс төрийн цахим үйлчилгээг үзүүлдэг E-Mongolia төрийн нэгдсэн цонхонд Батлан хамгаалах яам нэгдэж байна. БХЯ-наас үзүүлэх эхний үйлчилгээ бол цэргийн бүртгэлийн асуудал юм. Цэргийн бүртгэлийг улс орон даяар цахим хэлбэрээр явуулах боломжийг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газартай хамтраад өнөөдрөөс нээж байна. Өмнө нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой иргэн бүр өөрийн биеэр хороо, сумын тамгын газраа очиж бүртгүүлдэг байсан бол өнөөдрөөс E-Mongolia аппликейшн утсан дээрээ юм уу суурин компьютер дээрээ суулгаад гэрээсээ шууд бүртгүүлэх боломжтой болсон. БХЯ-наас эхний ээлжид цэргийн тоо бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж байна. Цаашдаа БХЯ-наас алба хаасан лавлагаа авах зэргээр дараа дараагийн оруулах боломжтой асуудлуудыг E-Mongolia нэгдсэн цонхонд байршуулахаар хамтран ажиллаж байгаа” гэдгийг дуулгалаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт "Энэ оны нэгдүгээр сар дуусталх хугацаанд цэргийн бүртгэлийн үйл ажиллагаа явагдана. Бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой. Ингэхдээ e-Mongolia*г ашиглан бүртгүүлнэ. Хэрэв интернэтгүй орчинд байгаа бол нийслэлийн Үйлчилгээний зургаан цэгт, 18 нас хүрч буй иргэн бол хороон дээрээ очиж бүртгэлээ хийлгэн, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэнэ" гэлээ.