Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв олон жилийн дунджаас дулаан байх боловч гуравдугаар сарын төлөв байдал олон жилийн дунджаас 3-5 хэмийн хүйтэн байх юм. Бид энэ талаар цаг уурч Х.Ахметашаас тодрууллаа.
Тэрбээр, “Олон жилийн дунджаар, Идэр, Тэс голын хөндий, Увс Дархадын хотгороор 26-32 хэмийн хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-16 хэм, бусад нутгаар 17-24 хэмийн хүйтэн байдаг.
Харин 2022 оны нэгдүгээр сард уг дунджаас баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн ихэнх нутаг, зүүн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна. Бусад нутгаар дундаж байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0-2мм, бусад нутгаар 3-4 мм хур тунадас ордог. Харин нэгдүгээр сард Алтайн өвөр говь болон говийн бүс нутгуудаар хур тунадас их орох төлөвтэй байна. Харин төвийн бүс нутаг болон зүүний баруун хэсгүүдээр олон жилийн дунджаас бага цас орно.
Нэгдүгээр сарын эхэн үед нутгийн зүүн хагаст, нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхэн, дунд, гуравдугаар сарын дунд үед зарим газруудаар цас орж агаарын температурын өмнөх төлөвөөс 2-5 градус хүйтрэх төлөвтэй байна.
Зарим хэвлэл мэдээллээр нэгдүгээр сарын 10-наас уур амьсгалын дулааралтай холбоотой “дулаарна” гэх мэдээлэл гараад байна. Тиймээс иргэд албан ёсны мэдээг цаг уурын төвөөс авахыг зөвлөе” гэлээ.