2022 оны 1-р сарын 1-ээс ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн ахлах шинжээч Ш.Маяа өчигдөр мэдээлэл өглөө.
Тэрээр, “Хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйлд зөвхөн ажлын байрны бэлгийн дарамтын талаар тусгаагүй. Ажлын байрны бэлгийн дарамтаас гадна бусад дарамт, хүчирхийлэл ч энэ заалтад хамаарна. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг нь зөвхөн оффис дээрх асуудал биш. Байгууллагын урлаг соёлын арга хэмжээ, спортын өдөрлөг, гадаад дотоод томилолтын хүрээн дэх зүйлс бүгд хамаарна. Мөн тухайн байгууллага ажлын байрны дарамтууд, бэлгийн дарамттай холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах дотоод журамтай байх ёстой гэсэн шаардлагуудыг хуульд тавьсан байгаа. Хэрэв байгууллага дотооддоо ийм зохицуулалт хийгээгүй бол зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Ажлын байрны бэлгийн дарамт учруулсан этгээдэд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Харин энэ асуудал хүндэрвэл эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж байх саналаа бид хүргүүлсэн байгаа. Хууль зүй дотоод хэргийн яамны ажлын хэсэг үүн дээр ажиллаж буй. Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцох уу үгүй юу гэдгийг УИХ эцэслэн шийдэх үлдсэн” гэв.