УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ он солигдохын өмнө парламентийн “шилдгүүдээ” олон нийтэд зарлаж, ганц ч минут хоцроогүй нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, чөлөө авдаггүй нь УИХ-ын гишүүн Х. Бадылхан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ирц сайтай нь УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарыг хэмээж, хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах үйлсэд холч ухаан, хоёргүй сэтгэлээр зүтгэж, УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон гээд шагнасан юм.
Аливаа албан байгууллага оны босгон дээр шилдэг ажилтнаа урамшуулдаг шиг парламентийн даргыг “шилдгүүдээ” шагналаа хэмээн эедүү харж болох ч өргөсөн тангараг, сонгосон ард түмнийхээ өмнө хийх ажлаа хийхгүй, гол ажил болох чуулганы хуралдаа суухгүй тасалдаг, чөлөө авдаг, байнга хоцордог гишүүдээ хэрхэх вэ?
Тухайлбал 2021.11.16-нд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос "УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм" болон УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлаар мэдээлэл өгч, чуулганаа хамгийн их тасалсан түшээдийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тэргүүлж байгааг зарласан.
Хэдийгээр энэ парламент гишүүдийн ирц, бүртгэлд анхаарч, олон нийтэд мэдээлдэг болсон нь сайшаалтай ч хариуцлага тооцохгүй л бол олон тастай, олон чөлөөтэй, олон удаа хоцордог гишүүд бахь байдгаараа, “БИ УГААСАА ХОЦОРДОГ ЮМ” хэмээн цээжээ дэлдэх нь арилахгүй нь ээ.