Хил хаагдаж бараа бүтээгдэхүүний хомсдолд орж үүнийгээ дагаад түрээсийн төлбөрөө өгч чадахгүйд хүрсэн худалдаа эрхлэгчид барааны үнээ нэмсээр байгаа юм. Бид Зуун айлын барилгын материалын дэлгүүр дээр очиход худалдан авагч цөөн, эл хуль, хоосон лангуу л угтлаа. Хамгийн эхний лангуунаас ажлын цагаан бээлийний үнэ асуухад л 500 төгрөгийн бээлий 1500 төгрөг болж, өргөн ашиглагддаг силикон 4500-аас 12,000 болтлоо өсөж, "тэнгэрт тулсан" байлаа. Худалдаа эрхлэгчид сүүлийн хоёр сар бараа татаагүй мөнгөний хаалт болсон зарагдахгүй хэдэн бараатайгаа л суусаар. Бараа татлаа ч тээврийн үнэ хоёр дахин өссөн учраас татан авалт хийхэд ч хүндрэлтэй байна гэдгээ тэд хэлж байна.
Худалдаа эрхлэгчид:
-Бүх барааны үнэ нэмэгдэж, орж ирэхгүй байна шүү дээ. Ширхэг ч бараа аваагүй хоёр гурван сар боллоо. Одоо бараг бүхий л лангуунууд хоосроод, бүгдээрээ байхгүй гээд л дампуурлын ирмэг дээр ирчихсэн байна. Түрээс нь хасагдахгүй хэрнээ бараа нь байхгүй гээд байхаар чинь ямар ч наймаа хийх боломж алга. Манайх чинь зургаан метрийн урттай төмөр авдаг. Тэгээд 1200-1500 юаниар ачуулдаг байсан бол одоо 4000-5000 юань болчихсон урдаа байж байгаа нэг тонн нь. Тэгэхээр бүр ямар ч авах боломж байхгүй. Тэгээд энд ирээд хэдээр зарагдах уу?
-Зөндөө нэмэгдэж байгаа. Бараг 80 хувь нь нэмэгдчхээд байна шүү дээ. Одоо жишээлбэл энэ дөрвийн лист хил хаагдахын өмнө 60 мянга байсан бол одоо 200 мянга хүрчхээд байна. 65 мянга, 75 мянга гээд байдаг байсан чинь одоо 200 мянга хүрчихээд ерөөсөө буухгүй, олдохгүй байна шүү дээ.
-Ноднин бид ачилтын үнэ нэмэгдчихлээ гээд байгаад байсан чинь одоо бараг тав дахин өссөн. Метр кубээр бодоод ирэхээр энэ чинь аюул болж байна. Түрүүн 1500 юанаар ачуулж байсан бараа одоо 7500 юанаар ачигдах хэмжээний байна. Энэнээс хойшоо юу болохыг мэдэхгүй шүү дээ. Ачаа хуучин нэг хайрцаг 20,30 мянгаар авдаг байсан бол одоо 100 мянгаар бараг ирэх гэж байна нэг хайрцаг ачаа. Яг хэдээр ирэх нь бас тодорхойгүй. Ер нь бол тийм сураг байна билээ.
-Багаж болохоор хавар намрын улиралд сайн байдаг. Одоо бол худалдан авалт бага байгаа.
-Замбараагүй нэмэгдэж байна. Хил хаагдсан гэдэг утгаараа урдаас орж ирэх юм байхгүй. Урьдынхаа нөөцөлсөн барааг л зарж байна даа.
-Овор хэмжээ том бүтээгдэхүүнүүд л тасраад үнэ нь ихсэж байгаа болохоос жижиг материалуудын үнэ хэвээрээ л байгаа. Нэг их тэгж тасарсан юм бол байхгүй. Яах вэ хуучин агуулгын нөөцөөрөө л явж байгаа. Тэрнээс биш шинэ бараа ерөөсөө орж ирээгүй. Ачааны үнэ хоёр дахин нэмэгдсэн шүү дээ. Нэг куб метр ачаа 187 юань байсан. Одоо 210 юань гэхээр хоёр дахин нэмэгдсэн. Одоо тэгээд үнээ нэмээд л зарна шүү дээ. Ер нь бол бараагаа захичихсан байгаа. 11 дүгээр сараас эхлээд захисан. Одоогоор ирээгүй л байна. Нэг метр куб 1000 гаруй юаньтай байна гэсэн мэдээлэл байна.
-Манай бараа сүүлд ойролцоогоор 20 хувь орчим нэмэгдсэн. Ер нь бол дандаа тээврийн зардал л нэмэгдсэн 20 хувь нь. Бараа дүүргэлт 100 хувьтай байдаг байсан бол одоо 40 хувьтай л байна.