Цар тахлын хоёр дахь жил олон талаараа эхний жилтэйгээ ижил сэтгэлийн түгшүүр, санаа зовнилтойгоор үргэлжилсэн ч шинэ сорилт, өөрчлөлт, дасан зохицох, хачирхалтай зуршлыг ч бас бий болгожээ.
Нүүрэндээ маск зүүж, халаасандаа гар ариутгагч бодистой байсан ч гэсэн биечлэн оролцох боломжтой арга хэмжээнүүд, бичил хэдий ч нийгэмших боломж олгосон ууулзалт цуглаанууд эргэн ирсэн билээ. 2020 онтой харьцуулахад хүн төрөлхтөн вирустэй амьдрахад дасан зохицож, урлагийн үзэсгэлэн, Met Gala, загварын шоу, концерт, улаан хивсний арга хэмжээнүүд “буцаж ирэв”. Үүний нэгэн адил галерей, кино театр, театрууд үүд хаалгаа аажим аажмаар нээж, соёл урлаг ямар үнэ цэнэтэй болохыг бидэнд санууллаа.
Өнгөрсөн 2021 онд бидний сэтгэлийг дулаацуулж, итгэл найдварыг бэлэглэсэн дотно сайхан 3 үйл явдлыг онцлон хүргэе.
Эрх чөлөөт Бритни
Бритни Спирс 2021 онд дахин олны анхаарлын төвд оров. Дуу хөгжмөөрөө биш ч гэлээ энэ үйл явдал түүнд эрх чөлөөт амьдралыг эргүүлэн авчирсанд олон сая хүн баярласан юм. Арваннэгдүгээр сард Лос Анжелес хотын шүүхээс сүүлийн 13 жил үргэлжилж, попын гүнжийг зовоож байсан “Хуулийн зохицуулалт”-ыг зогсоож, Бритни Спийрс авьяас чадвараараа олж хуримтлуулсан хөрөнгөө өөрөө захиран зарцуулах эрхтэй боллоо. Хамгийн сайхан өдөр гэж Бритнигийн хэлсэн энэ өдрийг ирэхэд Нью Йорк Таймс-ын бүтээсэн "Бритни Спирсийг бүтээх нь" баримтат кино #БритнигЧөлөөл хөдөлгөөний нөлөө их байсан юм.
Попын гүнж бүсгүй шүүхийн шийдвэр гарснаас хойш хэдхэн хоногийн дараа сүйт залуутайгаа хуримаа хийхээр болсноо аз жаргалтайгаар мэдэгдсэн билээ.
Нэхмэлчин Том Дэйли
Олимпийн наадам бидэнд тахал өвчнийг түр мартан хүн төрөлхтний эв нэгдэл, сэтгэл биеийн хүч тэнхээг гайхах бишрэх боломж олгосон. Эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпийн наадмын үеэр бүхний сэтгэлийг уярааж, тайвшралыг авчирсан сахиусан тэнгэр бол Их Британийн усанд сэлэлтийн тамирчин Том Дэйли байлаа. Юм нэхэх ямар догь гэдгийг ахин харуулж, уран бүтээлч зангаараа хүмүүсийн хайрыг татсан Том Дэйли тэмцээн үзэж суухдаа байнга юм нэхэж байсан юм.
Синхрон шумбалтын алтан медальт Том Дэйлийн хос зүүгээр нэхэж буй дүр зураг олон нийтийн сүлжээгээр тархсан даруйдаа хүмүүсийн сэтгэлийг татсан. Олимпийн наадам дуусахд түүний нэхэж буй зүйл нь энгэртээ нохойн дүрстэй гоёмсог цамц болон хувирав.
Юм нэхэх нь сэтгэлзүйн хувьд эмчилгээ болж, сэтгэлийн түгшүүр, айдсаасаа салах урлаглаг эмчилгээ болдог талаарх баримтууд бичигдэж байлаа.
Олны хайрыг татсан Том Дэйли 2021 оны 12 сард сүлжмэлийн иж бүрдлээ худалдаанд гаргаснаар олны хайрыг татсан хоббигоо бизнес болгожээ.
53 жилийн дараа эргэн ирсэн Balenciaga
Францын тансаг зэрэглэлийн брэнд Balenciaga 2021 оны долоодугаар сард загварын шоугаа хийсэн нь 53 жилийн завсарлагын дараах анхны шоу байлаа. Кристобал Баленсиага буюу Кристиан Диор нэгэн цагт "бид бүхний эзэн" гэж өөрсдийгөө тодорхойлж байсан ч 53 жилийн өмнө өөрийн нэрээр нэрлэгдсэн загварын ордноо хааснаас хойш Balenciaga брэнд кутюр шоу огт хийгээгүй.
Balenciaga брэндийн бүтээлч захирал Демна Гвасалиа Парисын Жорж V өргөн чөлөөнд 53 жилийн дараа мастер кутюрийн гайхалтай загваруудаа танилцуулж, загварын ертөнцийг гайхан бишрүүлж, өнгөрсөн хугацаанд чимээгүйхэн урласан бүхнээ дэлгэн харуулсан юм.