Мата Вайшно Деви бол Энэтхэгийн хойд хэсэгт орших Хинду шашны хамгийн хүндэтгэлтэй бунхануудын нэг бөгөөд өдөр бүр хэдэн арван мянган сүсэгтэн ирж мөргөл үйлддэг.
Энэтхэгийн захиргаанд харьяалагддаг Кашмир дахь шашны сүмд болсон нуралтад олон хүн өртөж, нурангид дарагдсан 12 хүн амиа алдаж, 13 хүн шархаджээ.
Хинду шашны дурсгалт газруудын нэг болох Вайшно Деви сүм рүү явах замд орон нутгийн цагаар 21:30-д нуралт болжээ.
Албаны хүний өгсөн мэдээллээр шинэ оны эхний өдөр сүмд байх эртний бунханд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн хүмүүс түгжрэл үүсгэсэн байна. "Толгод дээрх бунхан руу явах зам нь шинэ жилийн уламжлалт айлчлал, залбирал хийх гэж оролдсон сүсэгтнүүдээр дүүрэн байсан” учир гэмтэж бэртсэн, амиа алдсан хүмүүсийн тоо өндөр гарчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 20 гаран байгаа аж.
“Нэг хаалганы ойролцоо ямар нэг зүйл тохиолдож, нэг мэдэхэд би хүмүүст дарагдаж амьсгалж ч чадахгүй болсон байсан. Гэхдээ би хичээж яаж ийгээд босч чадсан. Хүмүүс тэндээс гарахын тулд цогцоснууд дээгүүр алхалж байхыг харсан. Тэр бол маш аймшигтай зураглал. Боссоныхоо дараа би шархадсан хүмүүст тэндээс гарахад нь тусласан” гэж нурангид дарагдсан хүмүүсийн нэг Махеш сэтгүүлчид ярьжээ.
Уг явдалтай холбоотойгоор Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра, Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар твиттерээр дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Рам Натх Ковинд "Амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Шархадсан хүмүүст хурдан эдгэрэхийг хүсч байна" гээд Жамму, Кашмирын дэд захирагчийн ажлын алба уг хэргийг шалгахын тулд "өндөр түвшний мөрдөн байцаалт явуулах" тушаал өгсөн" гэдгээ мэдэгдэв.
Энэтхэгт шашны баяр ёслолын үеэр олон хүн цуглардаг, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ огт явагддаггүй учир олон хүн гэмтэж, нас бардаг үймээн самуун гарах нь элбэг байдаг.
Өмнө нь 2016 оны аравдугаар сард Уттар Прадеш мужийн сүм хийдээрээ алдартай Варанаси хотын захад Хинду шашны ёслолын үеэр үймээн дэгдэж хүмүүсийн хөлд дарагдсаны улмаас 24 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан осол гарсан билээ.