Цар тахал намжаагүй ч итгэл найдвараа алдаагүй
Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэнээс хойш 2 жил гаруйн хугацаа өнгөрөөд буй. Өнөөдрийн байдлаар 270 гаруй сая хүн коронавирусийн халдвар авч 5.3 сая хүн уг өвчний халдвараас үүдэн амиа алджээ. Энэ оны дунд үеэс эхлэн цар тахлын давалгаа харьцангуй намдаж итгэлийн гэрэл асч дэлхийн хүн амын 60 орчим хувь нь коронавирусийн эсрэг дархлаажуулалтын нэгээс доошгүй тунг тариулж Итали, Израйль зэрэг улсууд амны хаалтгүй зорчихыг зөвшөөрч, хилээ нээн жуулчдыг хүлээн авч энгийн амьдралдаа буцаж орж эхэлсэн. Харамсалтай нь Ковид-19-ийн шинэ хувилбар болох дельта, түүний араас омикрон хувилбарууд шил шилээ далан бүртгэгдэж, улс орнууд хилээ хаасан ч 86 оронд омикрон хувилбар илрээд байна. ДЭМБ-ийн мэдэгдсэнээр хүн төрөлхтний 70 хувийг коронавирусын эсрэг дархлаажуулалтад хамруулж байж энгийн амьдралдаа буцаж орох боломж нээгдэх аж. Хэдийгээр дэлхий даяар нийт 8.78 тэрбум тун вакцин таригдсан ч ядуу буурай орнуудын 8.1 хувь л дархлаажуулалтынхаа эхний тунг авчээ. Тиймээс өндөр хөгжилтэй орнууд ядуу буурай орны иргэдэд санаа тавьж, дархлаажуулалтанд хамруулахгүй бол нэг талд хичээсэн ч нөгөө талд цар тахлыг алдах нь эргээд ямар ч үр дүнгүй болно гэдгийг эрдэмтэд, эрүүл мэндийн байгууллага, хүмүүнлэгийн байгууллагууд ч анхааруулж, уриалга гаргаад байгаа билээ. Цар тахал хэзээ бүрэн намжиж, хүн төрөлхтөнд сайн цаг ирэхийг яг таг хэлэх боломжгүй байгаа ч дархлаажуулалтын тарилгын араас өндөр үр дүнтэй гарсан эм үйлдвэрлэгдэн гарч ирсэн. Merck эмийн компанийн бүтээгдэхүүн нь Ковид-19—г эмчлэх зориулалтаар бүтээгдсэн анхны эм юм. Merck компанийн Molnupiravir эм нь коронавирусийн хүндрэл, нас баралтыг тал орчим хувиар бууруулж байгааг өвчтөнүүд дээр хийсэн туршилтын дүн харуулсан байна. Уг эм коронавирусийн генетик кодыг хуулбарлан үржүүлэх замаар эмчилдэг бөгөөд хүндрэлийн үед хэрэглэхээр зөвшөөрөгдсөн, эмнэлгийн нөхцөлд ашигладаг дусал, тариаг бодвол хэрэглэхэд хялбар гэдгээрээ онцлог аж. Хүн төрөлхтөн амны хаалтаас салж, холын зайн харилцаагаа бодит болгох сайн цаг удахгүй ирж, дэлхий дахин эдийн засаг, нийгмийн хямралуудаа даван туулахад хүн бүрийн оролцоо, ухамсар чухал байгаа билээ.
Азиуд өнгөлсөн Академийн шагнал
Америкийн Кино Академийн 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2 жил завсарласны эцэст шинэ журмаар зохион байгуулагдлаа. Цар тахлын улмаас кино театрууд хаагдсантай холбогдуулан Оскарт нэр дэвшиж буй бүтээлүүд заавал кино театрт тоглогдсон байх албагүй онлайн платформоор нээлтээ хийсэн байж болно гэж шинэчилсэн журамдаа оруулжээ. Лос Анжелес хотын Долби театр-онлайн хосолмол хэлбэрээр болсон Оскарын шагнал гардуулах ёслол цар тахлын улмаас 3 дахь жилдээ хөтлөгчгүйгээр зохион байгуулагдсан. Тус наадмын гол шагналын нэг болох “Шилдэг найруулагч”-аар ази гаралтай эмэгтэй найруулагч Хлоё Жао Nomadland киногоороо хүртсэн. Уг бүтээл нийт 6 төрөлд нэр дэвшин Шилдэг эмэгтэй гол дүр, Шилдэг зураг авалт шагналыг хүртсэн өндөр үнэлгээтэй, үзэгчдийн гэхээс илүү мэргэжилтнүүдийн таашаалд нийцсэн бүтээл байлаа. Хятад бүсгүй Хлоё Жао Марвелийн цурвал Eternals-ийг найруулсан бөгөөд барууны кино урлагт хэдийнээ өөрийн гэсэн өнгө төрх байр суурьтай болж, шилдэг гэх тодотголын эзэн болжээ. Азиуд, тэр дундаа ази эмэгтэйчүүд энэ жилийн Оскарын наадмын гол шагналуудын эзэд болсон. Өмнөд Солонгосын жүжигчин Юн Ё Жон Minari кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагналын эзэн болж өмнөх жилийн оролцогчдынхоо амжилтыг буухиаллаа. БНСУ зөвхөн к-поп хөгжмийн урсгалаараа бус онцгой содон зохиол, өгүүлэмж, найруулагч жүжигчдийнхээ ур чадвараа дэлхий даяар гайхуулж эхэлсэн. Солонгосчууд хүний жинхэнэ мөн чанар, өөрөөсөө ч нуухыг хүсдэг далд хүслүүдийг эрээ цээргүй илэрхийлж чаддаг гэдгийг өнгөрсөн онд “Шилдэг бүтээл”-ийн шагнал хүртсэн “Parasite”, энэ онд “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн “Minari” кинонуудаас харж болно.
93 дах удаагийн Оскар наадмын:
- “Шилдэг эх зохиол” Promising Young Woman, найруулагч Эмиральд Феннел
- “Гадаадын шилдэг уран сайхны кино” Druk, Данийн кино найруулагч Томас Винтенберг
- “Шилдэг туслах эрэгтэй дүр” Judas And The Black Messiah, Даниэл Калуя
- “Шилдэг анимейшн” Soul, найруулагч Пит Доктер болон Кемп Пауэрс
- “Шилдэг баримтат кино” My octopus teacher, Найруулагч Пиппа Эрлих, Жеймс Рид
- “Шилдэг богино хэмжээний кино” Two Distant Strangers, Найруулагч Трэвон Фри, Мартин Десмонд “Шилдэг эмэгтэй гол дүр” Nomadland, Фрэнсис МакДорманд
- “Шилдэг эрэгтэй гол дүр” The Father, Энтони Хопкинс
- “Киноны шилдэг хөгжим” Soul, хөгжмийн зохиолч Аттикус Росс, Трэнт Резнор, Жон Батисте “Киноны шилдэг дуу” Judas and the Black Messiah, “Fight for You”, дуучид H.E.R., D’Mile, Тиара Томас
- “Киноны шилдэг эвлүүлэг” Sound of Metal
- “Киноны шилдэг зураач” Mank
- “Шилдэг нүүр хувиргалт, үс засалт” Ma Rainey’s Black Bottom
- “Шилдэг эффект” Tenet
- “Шилдэг дахин бичигдсэн зохиол” The Father тус тус тодорсон билээ.
Баяртай, Ангела Меркель
ХБНГУ-ын парламентийн сонгууль есдүгээр сард явагдаж эрх баригч Христийн ардчилсан нам Социал демократ намд цөөн саналын зөрүүгээр ялагдсан. Сонгуулийн дараа дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй болох Германы канцлер Ангела Меркель улс төрийн дэвжээнээс зодог тайлж буйгаа мэдэгдсэн юм. Германы канцлераар 16 жил ажилласан Ангела Меркель “энгийн, тайван амьдармаар байна” гэсэн товч, тодорхой шалтгаанаар канцлерийн албан тушаалаа, улс төр дэх орон зайгаа ч тавьж өгсөн билээ. Хатагтай Ангела Меркелийг үдэх Цэргийн ёслолын жагсаал 12 дугаар сарын 2-ны үдэш Берлин хотын зүүн хэсэгт орших Бендлерблок цогцолборын өмнөх талбайд болсон юм. Баруун Германд төрж, Германд торнисон Ангела Меркель физикч мэргэжилтэй, квант химийн судалгаагаар докторын зэрэг хамгаалсан ч хоёр Герман нэгдсэнээс хойш өнөөг хүртэл улс төртэй холбогдсон бөгөөд эрх мэдэлтэй цөөн эмэгтэйчүүдийн нэг болжээ. Германы хууль тогтоох дээд байгууллага Бундестагийн гишүүнээр 31 жил, сайдын албан тушаалд 8 жил, Христийн Ардчилсан Холбоо намыг 18 жил тэргүүлсэн бол канцлерын албанд 16 жил зүтгэсэн Ангела Меркель Германы улс төрийн сонирхолтой, даруу, хичээнгүй, шударга дүр төрх болж байлаа. Түүнийг дэлхийн улс төрчид, судлаачид аливаа хямралыг маш сайн зохицуулагч байсныг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, түүний араас үргэлжилсэн евро бүсийн өрийн хямралыг Ангела Меркель л шийдвэрлэж, учир зүйг нь олж чадсан гэх нь ч бий. Жинхэнэ герман хүний яг таг, шударга басхүү өөрийн байр суурьтаа бат зогсдог зан дэлхийн улс төрийн тавцанд харуулж, хүчтэй нөлөө бүхий удирдагч эмэгтэй Ангела Меркель үлдсэн амьдралаа улс төрөөс хол ойр амар тайван, эгэл даруу өнгөрүүлэхээр шийджээ.
Төрийн эргэлт хийсэн Талибууд
Талибаны дайчид наймдугаар сарын 16-нд Афганистаны нийслэл Кабул хотыг эзэлж, Ерөнхийлөгчийн ордныг хяналтдаа авав. Үүгээр Афганистаны дайн дуусгавар болж, Талибаны удирдагчид 20 жилийн дараа тус улсын төрийн эрхэнд дахин гарсан юм. Талибаны хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Наим “Al Jazeera” агентлагт “Өнөөдөр Афганистаны ард түмэн, мужахидин дайчдын ялалтын өдөр тохиож байна. Тэд сүүлийн 20 жилийн хичээл зүтгэл, золиосныхоо үр шимийг хүртэж Бурханы ачаар Афганистаны дайн дууслаа. Удахгүй Афганистан улсын шинэ дэглэм, бүтэц хэлбэр тодорхой болно. Бид эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг эргүүлэн олж авах зорилгодоо хүрч чадлаа. Бид хэн нэгэн манай газар нутагт халдаж, бусдыг онилохыг зөвшөөрөхгүйтэй адил бусдад ч хор хохирол учруулахыг хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн юм. Харамсалтай нь Талибууд Афганистаны төрийг эзэлснээр афганчуудын хувьд эсрэгээрээ үймээн самуунтай, өлсгөлөн зэлмүүн аймшигт өдрүүд эхэлсэн билээ. АНУ-ын Элчин сайдын яам, америкийн арми нутаг буцах үед афганчууд тэдний онгоцны дугуйнаас зүүгдэж, хэдэн мянгаараа нисэх буудалд ирж аврал эрэн авч явахыг гуйж буй аймшигт дүр зураг дэлхийн бүхий л хэвлэлээр цацагдсан.АНУ-ын араас дэлхийн бусад улсууд Кабулаас ЭСЯамдаа татаж эхлэв. Барууны орнуудын тагнуулын мэдээлснээр талибууд хууль бус ашигт малтмалын олборлолт, татвар, Персийн булан дахь нууц ивээн тэтгэгчид, Пакистанчуудаас санхүүждэг бөгөөд төрийн эрхэнд гарснаар хүний эрх, эрх чөлөө, хоол хүнс гэх ойлголт хурдан хугацаанд алга болж афганы 22 сая хүн энэ өвлийг өлсгөлөнгийн байдалтай өнгөрүүлж байна. Хоол хүнсгүй болсон зарим эцэг эхчүүд бага насны охидоо зарж гэр бүлийнхээ бусад гишүүдийг хооллох болсныг ч дэлхийн хэвлэл мэдээллүүдээр цацаж эхэлсэн. Харин афган эмэгтэйчүүдийн хувьд байдал бүр ч дордов. Охид эмэгтэйчүүд сургуульд сурах эрхгүй, ганцаараа гудамжаар явах, хол замд төрөл төрөгсдийн эр хүнгүй бол явах эрхгүй болох гэхчилэн ямар ч эрхгүйгээр зөвхөн гэр бүлдээ бүхнээ зориулж боолын байдлаар амьдрахаас өөр аргагүй болоод буй. Талибаны шинэ Засгийн газар Афганистанд 20 жилийн турш үргэлжилсэн дайнаас үүдсэн эдийн засаг, хүмүүнлэгийн хямрал, шашин, соёл болон үндэсний цөөнхийн мөргөлдөөнийг зөөлрүүлж, нийгэмд тогтвортой байдал авчрах хүндхэн сорилттой нүүр тулсан. Гэвч ОУВС, АНУ болон холбоотнууд гадаад дахь Афганистаны бүх хөрөнгийг царцаасан учир хөрөнгийн эх үүсвэргүй талибууд ямар ч хямралыг шийдэж чадахгүй. Холбоотнууд болон хандивлагчид Афганистаны царцаасан хөрөнгийг суллах асуудалд Талибаны удирдлагын зүгээс өмнөх эрх баригчид, эмэгтэйчүүдийн эрх, шашин шүтлэг, үндэстний цөөнхөд хэрхэн хандахаас хамаарч шийдвэр гаргах байх гэсэн хүлээлт үүссэн. Харамсалтай нь хүлээлтийн хариуд Афганистаны шинэ Засгийн газарт өмнө нь АНУ-ын Гуантанамо шоронд хоригдож байсан дөрвөн хүн, АНУ-ын Холбооны мөрдөх товчооны эрэн сурвалжилж буй хамгийн зартай алдан хядагчдын жагсаалтад багтсан нэг хүн сайдын албан тушаалд томилогджээ. Тодруулбал, Афганистаны шинэ Засгийн газрын Дотоод хэргийн сайдаар томилогдсон Халил Хаккани бол Аль-Кайда бүлэглэлтэй ойрын харилцаатай төдийүй Холбооны мөрдөх товчоо түүнийг олж ирсэн хүнд 5 сая ам.долларын шагнал амласан. Бусад сайдууд болох Хил, овог аймгуудын асуудал эрхэлсэн сайд Нурулла Нури , Тагнуулын газрын дарга Абдул Хак Васик, Соёлын сайд Хайрулла Хаир, Батлан хамгаалахын дэд сайд Мохаммад Фазил Мазлум нарын хувьд 2014 онд Талибан хөдөлгөөн болон АНУ-ын Батлан хамгаалах яамны хооронд байгуулсан харилцан хоригдол солилцох хэлэлцээний хүрээнд суллагдсан хүмүүс юм. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээс харахад Афганистаны хямрал хэзээ зогсож, энх тайван, амар амгалан амьдралтай хэзээ золгохыг хэлэхэд бэрх байгаа юм.
Украин-ОХУ-ын харилцаа ба АНУ-ын оролцоо
Оросын арми Украины хилийн ойролцоо 175 мянга гаруй цэрэг офицер, зэр зэвсэг, техник татан төвлөрүүлж эхлэв. Энэ нь ОХУ тус улс руу халдах гэж байна гэсэн хардлага төрүүлж, АНУ-ын зүгээс Кремлийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг сануулсан. Кремль уг хардлагыг үгүйсгэн Беларусь улстай цэргийн хамтарсн сургууль хийхээр төлөвлөсөн гэж мэдэгдсэн ч армиа буцаан татаагүй учир АНУ-аас Украинд зэвсэг, техникийн тусламж илгээсэн юм. 2014 онд ОХУ Крымын хойгийг Украинаас булаан авснаас үүдэлтэй хоёр улсын харилцаа ийнхүү улам хурцатлаа.
Уг асуудал АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын цахим уулзалтын үеэр яригдсан гол сэдэв болсон байна.
Цахим уулзалтын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины хилийн ойролцоо ОХУ цэргийн хүчээ төвлөрүүлсэнд санаа зовж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ ямар нэгэн асуудал үүсгэвэл ОХУ-ын эсрэг эдийн засгийн болон бусад хүчтэй арга хэмжээнүүд авна хэмээн сүрдүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн.
Энэ нь АНУ Оросын эрчим хүчний томоохон төсөл болох байгалийн хийн хоолойг зогсоож, дэлхийн банкуудын хооронд мөнгөн гуйвуулга хийгддэг SWIFT системээс ОХУ-ыг хасах зэрэг эдийн засагт хүчтэй нөлөөлөх арга хэмжээнүүдээ хэлсэн гэсэн үг юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн уг сүрдүүлгийн хариуд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Украинд довтлохгүй, харин Украинаас удаа дараа зэвсэгт болон бусад аргаар өдөөн хатгаж, Минскийн гэрээний хэрэгжилтийг “Шилжилтийн үеийн төрийн бодлогын тухай” хуулийн төслөөр санаатай тасалдуулж байгааг “ховлоод” НАТО зүүн зүгт хүрээгээ тэлж, ОХУ-ын хилд тулган цохилтын зэвсэг байрлуулахгүй байх найдвартай, хуулиар баталгаажсан баталгааг Жо Байденаас шаардсан гэнэ.
Жо.Байден, В.Путин нарын найрсаг эхэлсэн цахим уулзалт удалгүй хаалттай горимд шилжиж, хоёр цаг гаруй үргэлжилжээ. Цахим уулзалтын дараа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан сэтгүүлчдэд ерөнхийлөгч Жо Байден 2014 онд Крымын хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэн үйл явдлын дараа ОХУ-ын эсрэг авах гэж байсан арга хэмжээгээ одоо ч авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн гэж мэдэгджээ. Олон улсын банк хоорондын мөнгөн гуйвуулга болох SWIFT системээс ОХУ-ыг хасвал тус улсын чинээлэг иргэд, байгууллагын бүх гадаад данс, хөрөнгө шууд царцан, нефть, хий болон бусад экспортын орлого тодорхойгүй хугацаагаар зогсож эдийн засгийн сүйрэл болох аж.
АНУ төдийгүй барууны орнууд ОХУ-ын арми Украины хилийн орчимд байгаад санаа зовж, хэрэв ОХУ дайралт хийвэл хариу нь эдийн засгийн хямрал байх болно гэдгийг ээлжлэн сануулсан. Энэ бүхний үр дүн, эсвэл үнэхээр цэргийн хамтарсан сургууль хийж байсан нь дууссан, эсвэл Цагаан ордонтой хийх аюулгүй байдлын хуралдаанаас болсон эсэхийг мэдэхгүй ч хэдхэн хоногийн өмнө Украины хилээс цэргээ татаж эхэлсэн тухай Интерфакс агентлаг мэдээллэв.
Моторт ангиудын дивиз, байлдааны бригад, отрядын байдлааны үе шат дуусч 10 000 гаруй цэрэг нэгдсэн сургуулилтын бүс нутгаас буцлаа гэж Интерфаксын мэдээлэлд дурджээ.
2022 оны нэгдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засгийн газартай аюулгүй байдлын талаар уулзалт хийн, улс хоорондын мөргөлдөөн үүсгэлгүй, амлалт авах журмаар хуралдаахаар товлосон билээ. ОХУ-ын талаас тус хурал эерэг үр дүнд хүргэнэ гэж найдаж байгаа бөгөөд амжилттай болвол Женевт болох хэлэлцээрт мөн оролцохоор зэхэж байгаа аж.
Содон бүхнээр дүүрэн Токиогийн зуны олимп
Бүтэн жилээр хойшилсны эцэст зохиогдсон Токио-2020 зуны олимп амжилттай болж өндөрлөв.
Токио 2020 зуны олимпын бэлтгэл ажлыг хангахад 68 000 үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэнг 1,43 тэрбум ам.долларын өртөгтэйгээр барьсан ч цар тахлын улмаас 1 жил хойшлогдсоноор түүхэндээ хамгийн өндөр зардалтай Олимпын наадам болж бичигдлээ. Анх Токио-2020 наадмыг нийт 26 тэрбум ам.долларын төсөвтэй зохион байгуулах тооцоо гарч байсан ч зохион байгуулагдах хугацаа хойшлогдсоноор энэ зардал 2,8 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Олимпын наадмыг зохион байгуулснаар аялал жуулчлалын салбараас чамлахааргүй ашиг олдог. Харамсалтай нь Токио-2020 зуны олимпыг Ковид-19-ийн улмаас үзэгчгүй зохион байгуулахаар болсон нь аялал жуулчлалын салбараас олон байсан ашгийг 91.9% бууруулсан гэсэн тооцоолол гарчээ.
Олимпод хурд, хүчээ сорихоор 11 мянга гаруй тамирчин Токио хотод цугласан бөгөөд нээлтийн өмнөх өдрийн байдлаар олимпийн хотхонд байрласан 75 хүнээс коронавирусын халдвар илэрсэн юм. Тиймдээ ч тамирчид зөвхөн олимпийн хотхон, байр гэсэн чиглэл баримтлах дүрэм гаргасан ч уг дүрмийг зөрчсөн тамирчид цөөнгүй гарсан. Дүрэм зөрчсөн тамирчдын заримынх нь олимпод оролцох эрхийг нь цуцалж, нутаг буцаасан тухай албаны хүмүүс мэдэгдсэн. Гэхдээ аль улсын, хэн гэдэг тамирчин ийнхүү буцаж буйг харин нууцалсан юм.
Минимал хэв маягийг эрхэмлэгч япончууд Олимпийн далбааг хандиваар авсан хуванцрын хаягдлаар 3D принтер ашиглан хийсэн бол олимпийн 5000 медалийг улсынхаа өнцөг булан бүрээс хандивласан хуучин электрон тоног төхөөрөмж, компъютерын хэрэгслээс ялган авсан алт, ,мөнгөөр урлажээ. Үүгээр ч зогсохгүй тамирчдын орыг хүртэл дахин боловсруулсан цаасан хайрцгаар хийсэн нь дахин боловсруулсан материалаар хийсэн медальтай анхны олимп болон түүхэнд бичигдлээ.
Олимпын наадмын медалийн төлөөх өрсөлдөөний сүүлийн өдөр АНУ-ын баг гурван алт авснаар багаараа тэргүүн байрт бичигдэв. Зохион байгуулагч Япон улсын баг тамирчид 27 алт, нийт 58 медальтайгаар гуравт жагссан.
Харин Бермуд, Филиппин, Катар улс Олимпын анхны аваргууд төрж, Фуркина Фасо, Сан Марино, Туркменистан улс түүхэндээ анх удаа Олимпоос медаль хүртжээ.
Токио-2020 наадмаар Нийт 93 улс медаль хүртэж, 113 улс медалийн гадна үлдсэн юм.
Манай улсын хувьд тус олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр 71-д бичигдсэн билээ.
Цар тахлын хүнд үед олон зуун сая ам.долларын зардалтайгаар хийгдэн ч гэлээ Токио-2020 олимпын наадмаас онцлон суралцах зүйл олон байж, хүн төрөлхтөнд итгэл найдвар, урам зориг бэлэглэж чадлаа.
Хөндөлдсөн хөлөг онгоц хохирол авчрав
Хэний ч санаанд багтамгүй инээдтэй юм шиг хэрнээ их хохирол дагуулсан нэгэн зүйл тохиолдсон нь Суэцийн сувагт хөндөлдөн гацсан хөлөг онгоц байлаа. Уг хөлөг онгоцны гацаанаас үүдэн дэлхийн худалдааны салбар олон арван сая ам.доллараар тооцогдох хохирол амссан юм. Тайваньд харьяалагдах Ever Given нэртэй хөлөг онгоц нийт 20 000 чингэлэг бараа тээвэрлэх даацтай, 400 метр урт ачааны аварга хөлөг аж. "Ever Given" чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц гуравдугаар сарын 23-нд Хятадаас Роттердам хүрэх замдаа Суэцийн сувгийн 151-р км-т хайргадаж, хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хаасан юм. Хүчтэй шороон шуурганы улмаас үзэгдэх орчин муудаж, хөлөг онгоцны багийнхан удирдлагын хяналтаа алдаж хайргаджээ.
Ever Given Суэцийн сувагт гацсанаас болж тус сувгаар дамжин өнгөрөх 400 гаруй хөлөг онгоц тус сувагт мөн гацаж үүссэн нөхцөл байдлаас болж олон улсын тээвэр зуучийн компаниуд тээврийн хуваарь, хөлөг онгоцнуудын чиглэл зэргийг өөрчилж, зарим хөлөг онгоцнуудаа буцаах хүртэл арга хэмжээ авчээ.
Ази тивийг Европтой холбох далайн хамгийн дөт зам болсон Суэцийн сувгаар дэлхийн нийт худалдааны 12 хувь нь дамжин өнгөрдөг бөгөөд хөлөг онгоц гацсанаас үүдэн сувгийн хөдөлгөөн зогссонтой холбоотойгоор олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ тухайн үед 4 хувиар өссөн юм.
Египетийн төрийн өмчит Суэцийн сувгийн удирдлагын албаны дарга Осама Раби Суэцийн хоолойн хөдөлгөөн зогссоноор Египет улс хоногт 14-15 сая ам. долларын алдагдалд орж байгааг мэдэгдэв.
Ever Given ачааны хөлөг онгоц Суэцийн хоолойд 6 өдөр гацсан ба үүнээс болж олон улсын худалдааны салбар 6-10 тэрбум ам. долларын алдагдалд орсон нь хэн хүний санаанд багтамгүй явдал болсон. Ever Given хөлгийг гацаанаас нь гаргахын тулд сувгийн ажилчид төдийгүй эрдэмтэд эрчимтэй ажиллаж байлаа.
Хөлөг онгоцыг чирэгч онгоцнуудаар татан гаргах бүх оролдлого бүтэлгүйтвэл ачааг нь буулгаж эхлэх аж. Ингэхийн тулд чингэлгүүдийг зөөх хөвөгч хэрэгслүүдийг авчрах шаардлагатай болох байлаа. Гацсан хөлгийг чөлөөлөх ажилд нийтдээ 10 чирэгч усан онгоц ашиглагдаж байгаа гэнэ.
Үүнээс гадна Ever Given хөлгийн хайрдсан сувгийн эргийн хэсгээс олон мянган тонн элс шороо ухсан бөгөөд уг ажлын явцад сувгийн усанд үүссэн өндөр давалгаа чөлөөлөх ажиллагаанд сайнаар нөлөөлжээ.
Суэцийн сувагт Ever Given-ээс болж гацсан хөлгүүдийн зарим нь Суэцийн суваг чөлөөлөгдөхийг хүлээлгүй Африк тивийн өмнөд үзүүр болох Сайн Итгэлтийн хошууг тойрох замыг сонгосон. Энэ замаар аялахад нэмэлт 7-10 хоног зарцуулах тул Ази, Европын хооронд тээвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орох магадлалтай юм.
Далайн хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянадаг MarineTraffic сайтын мэдээлснээр Ever Given хөлөг онгоц 6 дахь өдрөө Суэцийн сувгийн нарийхан хэсгээр чиргүүлийн тусламжтайгаар гарчээ.
Суэцийн сувгийн хойд, өмнөд хэсэгт түгжигдсэн байсан 400 гаруй хөлөг онгоц уг сувгаар гарахаар хүлээж буй учир хоногт 50 хөлөг онгоц дамжин өнгөрдөг байсныг яаралтай нэмэгдүүлж 100 болгосон байна. Чингэлэг тээвэрлэгч сувгийг чөлөөлсний дараа дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ унасан билээ.
Сансар огторгуйг эзлэх гэсэн саятнуудын тэмцэл
Өнгөрч буй он сансар судлал гэхээс илүү сансарт аялагчдын өрсөлдөөн ихтэй жил байлаа. Энэ оны 7-р сарын 11-нд Английн тэрбумтан 71 настай Ричард Брэнсон Virgin Galactic сансрын хөлөг онгоцны 2 нисгэгч, Virgin Galactic компанийн 3 ажилтны хамтаар Unity хөлөг онгоцоор сансарт аялав. Unity хөлөг онгоц дэлхийгээс хөөрснөөс хойш 1 цаг орчмын дараа дэлхийд эргэн газардсан юм. Аяллын хугацаанд эргээд амжилттай газардсан ба аяллын явцад 4 минут орчим жингүйдсэн гэдгээ бахархалтайгаар мэдэгдсэн.
Unity хөлгийн аяллаас 9 хоногийн дараа Америкийн тэрбумтан, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Жефф Безос Blue Origin компанийхаа New Shephard сансрын хөлөг онгоцоороо анхны зорчигчтой нислэгээ үйлдэв. Жефф Безос дүү Марк Безос, 82 настай Уолли Фанк, 18 настай оюутан залуугийн хамтаар дэлхийн гадаргуугаас дээш 100 км өндөрт гарч, дэлхийг сансраас тольдож, мөн жингүйджээ.
Гурав дахь аяллыг дэлхийн хамгийн баян эрхэм Элон Маскийн SpaceX компанийн Dragon хөлөг онгоц сансрын 4 жуулчны хамтаар хийж дэлхийн гадаргуугаас дээш 575 км өндөрт гарсан ба сансарт 72 цагийг өнгөрүүлэн, амжилттай газардсан.
Ричард Брэнсоны Virgin Galactic, Жефф Безосын Blue Origin компанийн сансрын аяллын тийз 250 мянган ам. доллараас 500 мянган ам. долларын үнэтэй бол Элон Маскийн Dragon хөлөг онгоцны 3 өдрийн аяллын зардал 200 сая ам. долларт хүрч, уг зардлыг тус хөлөг онгоцонд зорчсон тэрбумтан Жаред Айзекман төлжээ.
Сансар огторгуйд дүүлэн нисэх, түүнийг эзлэх хүн төрөлхтний мөрөөдлийг дэлхийн тэрбумтан, саятнууд биелүүлж, сансрын аялал жуулчлал гэх цоо шинэ, маш өндөр үнэтэй бизнесийн эхлэлийг тавиад байна.
Америкийн тэрбумтнуудын сансарт гаргасан мөрийг японы тэрбумтан Юсакү Маэзава үргэлжлүүлсэн юм. Юсакү Маэзава, түүний туслах Ёзо Хирано, ОХУ-ын сансрын нисгэгч Александр Мисуркин нар дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад 12 хоног “амьдарсан”.
Юсакү Маезава дэлхийн тойрог зам дахь өдөр тутмын амьдралаа видео дүрсээр баримтжуулсныгаа өөрийн YouTube сувгаар олон нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ.
Уг бичлэгтээ тэрээр сансарт хэрхэн шүдээ угаадаг, угаалгын өрөөг хэрхэн ашиглах, жингүйдлийн орчинд цайгаа хэрхэн уух, яаж унтаж амрах гэчилэн олон зүйлийн талаар тайлбарласан гэнэ.
Японы тэрбумтны сансарт аялж, амьдрах хүсэл ханаагүй төдийгүй 2023 онд SpaceX-ийн хөлгөөр сарыг тойрох аялалд найман хүн дагуулж явахаар захиалга өгчээ.
ОХУ-ын Роскосмос 10-аад жил завсарласны эцэст сансрын аяллаа сэргээж Юсакү Маэзаваг аялуулсан бөгөөд сансрын жуулчдыг ямар төлбөртэй нисгэдэг талаараа нээлттэй ,мэдээлдэггүй. Зарим эх сурвалж уг төлбөрийг 50-60 сая ам.доллар байдаг гэжээ.
Африкийн онгон дагшин Сафари, Хойд туйлын аяллаас уйдсан чинээлэг эрхмүүд хязгааргүй уудам сансарт аялахыг хүсэх болсон нь сансар судлал, сансрын хөлгийн чанар, хурдыг сайжруулахад хөрөнгө оруулалт болж байгааг зарим судлаачид онцолжээ.