Дэлхий даяар коронавирусын халдвар нэмэгдэж, шинэ хувилбар омикронтой холбогдуулан олон улсад томоохон үдэшлэг, салют буудуулах арга хэмжээг цуцалж, заримд нь даруухан байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Номхон далайн өмнөд хэсэгт орших Самоа, Кирибати арлуудын хүмүүс баасан гаригийн 10:00 цагт шинэ онтой золгосон бол тэднээс нэг цагийн дараа Шинэ Зеландад 2022 он “ирлээ”.
Австралийн Сидней хот шинэ оныг 6 тонн өнгөлөг салют буудуулж угтав. Харбор гүүр, Дуурийн театрын барилга салютын гэрэлд гялбаж, австраличууд шинэ жилийн баярыг нийтээрээ, чөлөөтэй угтан авцгаалаа.
Эзэн хаан Нарухито шинэ оны мэндчилгээг бичлэг хэлбэрээр дэвшүүлэв
Япон улсын эзэн хаан Нарухито шинэ жилийн мэндчилгээгээ хоёр дахь жилдээ бичлэг хэлбэрээр нийтэд түгээв. Тэрээр Ковид-19-ийн хохирогчдын төлөө залбирч, эмч нар, эрүүл мэндийн ажилтнуудыг хичээл зүтгэл, шургуу ажилласныг онцлон магтан, тэдэнд талархаж буйгаа илэрхийлэв. Мөн коронавирусын эсрэг вакцин, эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалтгүй байгаа улс орнуудад санаа зовж байгаагаа ч дурджээ.
"Хүмүүс хоорондын харилцаа холбоог урьд урьдынхаас илүү эрхэмлэн дээдэлж, зовлон зүдгүүрээ хуваалцаж, бие биенээ дэмжсэнээр бид эдгээр хүнд хэцүү үеийг даван туулах болно гэдэгт би чин сэтгэлээсээ найдаж байна" гэсэн үгсээр эзэн хаан Нарухито шинэ жилийн мэндчилгээгээ төгсгөсөн.
Япон улс коронавирусын халдварыг таслан зогсоох үүднээс олон нийтийг хамарсан цуглаан хийх, баяр тэмдэглэхийг хориглосон юм.
Тус улсад цар тахлын улмаас 18 000 гаруй хүн нас барсан бөгөөд сүүлийн саруудад нас баралтын хэмжээ буурчээ.
Ерөнхийлөгч Кениата Кеничүүдэд шинэ жилийн итгэл найдварын захиас илгээв
Кеничүүд 2022 оныг биднээс хойно буюу бямба гарагт угтлаа. Тус улсын Ерөнхийлөгч Ухуру Кениата эх орон нэгтнүүддээ итгэл найдварын захиас илгээжээ.“2021 оноо үдэж байгаа энэ үед 2022 он бидэнд илүү сайн зүйлийг хийх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй, бас баяртай байна” гэж Ерөнхийлөгчийн мэндчилгээнд дурджээ.
Мөн өнгөрсөн жилийн тухай эргэцүүлэн бодохын зэрэгцээ тахлын эсрэг тэмцэж буй үед тулгарч байгаа сорилтуудыг хүлээн зөвшөөрч, 2022 оны эцэст 30 сая иргэнээ коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулна гэж амлалаа.
Лондончууд шинэ оныг Ковид-19-ийн тархалтын оргил үетэйгээ хамт угтлаа
Лондон хот шөнийн тэнгэрээ салютаар гэрэлтүүлэн 2022 оныг угтан авав. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо дээд хэмжээнд хүрсэн тул олон хүн цугларахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Их Британид хотын томоохон талбайнуудыг хааж, шинэ жилийн олон арга хэмжээг цуцалжээ. Гэсэн хэдий ч гэртээ хоёр жил “түгжигдсэн” лондончууд гадаа шинэ жилийн баяраа тэмдэглэхээр шийдсэн бололтой. Биг Бен цаг шөнийн 00.00 цаг болсныг заан хонх цохих мөчид Лондоны гүүр хүмүүсээр дүүрэн байлаа.
Баасан гарагт Их Британид 189 846 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өдөр тутмын халдварын хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Ийнхүү британичууд 2022 оныг цар тахлын оргил үетэйгээ хамтад нь угтлаа.
Грекчүүд шинэ жилийн баярыг хөл хорионд өнгөрөөв
Грекийн Эрүүл мэндийн яам өнгөрсөн лхагва гарагт шинэчлэн тогтоосон хязгаарлалтын хүрээнд бүх арилжааны газруудад хөгжим тоглуулахыг хориглосон. Үүгээр ч зогсохгүй уушийн газрууд, ресторанууд шинэ жилийн баярын үдэшлэг зохиохгүй байж шөнийн 00.00 цагт хаах ёстой гэсэн журам гаргасан. Харин шөнийн цэнгээний газруудыг 02.00 цаг хүртэл буюу богиносгосон цагаар ажиллахаар журамлажээ.
Нийтийг хамарсан шинэ жилийн үдэшлэг, цэнгүүнийг хориглосон ч Грекийн Засгийн газраас Афин хотын Акрополис хаалганы ойролцоо салют буудуулж 2022 оныг даруухан угтаж авсан юм.
Германчуудын гэрлийн шоутай шинэ жилийн баяр
Германчууд 2022 оноо Берлиний Бранденбургийн хаалган дээр гэрлийн шоу зохиож угтав.
Коронавирусийн шинэ хувилбар омикрон европт өргөн тархаж, тохиолдлын тоо н огцом нэмэгдсэн. Германы эрх баригчид ч омикрон хувилбараас үүдэн томоохон баяруудыг цуцалж, салют худалдаалахыг хориглосон шийдвэр гаргасан юм.
Салют буудуулаагүй ч алдарт “Бранденбургийн хаалга”-нд гэрлийн шоу зохиосон нь германчуудын сэтгэлийг хөдөлгөж, бага ч гэсэн баярын уур амьсгал оруулсан явдал боллоо.
Эйфелийн цамхаг дээрх “2022”
Франц улс баасан гарагийн оройг Парисын Эйфелийн цамхагт хийсэн гэрэлт үзүүлбэрээр эхлүүллээ.
Европын олон орны нэгэн адил коронавирусын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад баяр ёслол тэмдэглэхийг хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрсөн.
Өнгөрсөн сард Францын Засгийн газар шинэ жилийн баяраар олон нийтийн тоглолт, салют буудуулахыг хориглож, олон хүн цугларахаас зайлсхийж, Зул сарын баяраар гэр бүлийн гишүүдийн тоог хязгаарлахыг уриалсан билээ.
Гэсэн хэдий ч он солигдох агшинд Эйфелийн цамхагийн орчимд хүмүүс цугларч хамтдаа шинэ оноо угтацгаажээ.
“Таймс” өргөн чөлөөнд шинэ он гаргагсад
Нью-Йорк хотын Таймс талбай дээр шинэ он солигдохыг мөчийг хүлээсэн 15000 орчим хүн байлаа. Жил бүр он солигдох мөчид догдлосон хүмүүсээр дүүрдэг тус өргөн чөлөөнд энэ жил харьцангуй цөөн хүн цугларчээ. АНУ-д шинэ жилийн баярыг нийтээр тэмдэглэхийг албан ёсоор хориглоогүй юм.
Омикрон хувилбар бага насны хүүхдүүд, коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй хүмүүс Нью Йоркийн эмнэлгүүдийг дүүргэсэн ч эрх баригчдаас хатуу хөл хорио тогтоохоос илүү уриалга гаргаж түгээсэн билээ.
Канадын Квебек муж 2022 оныг нам гүмхэн угтацгаав
Канадын хамгийн олон хүн амтай хоёр дахь муж Квебект орон нутгийн цагаар 22:00 цагаас шөнийн хөл хорио тогтоох тул шинэ жилийн баярыг нам гүмхэн тэмдэглэлээ. Квебекийн Ерөнхий сайд Франсуа Легаулт омикронтой холбоотой коронавирусын халдварын өсөлтийг зогсооход чиглэсэн хэд хэдэн шинэ хязгаарлалтуудын дунд өдөр бүр 22:00 цагаас өглөөний 5 цаг хүртэл хөл хорио тогтоож буйгаа зарласан юм. Тиймдээ ч элдэв салют, гудамж талбайд цугларсан хүмүүсгүй зөвхөн гэр гэртээ цөөн хүмүүсийн хүрээнд шинэ жилийн баяраа тэмдэглэж буй Квебек цар тахал эхэлснээс хойш 2 дахь удаагаа хатуу хөл хорионы дэглэмд шилжиж буй нь энэ билээ.
Владимир Путин: "Цар тахал ухрахгүй байгаа"-г анхааруулав
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ Оросуудыг хүнд хэцүү цаг үед хүч чадлаа, урам зоригоо алдаагүй байгааг магтаж, тахал "ухрахгүй байгаа" гэдгийг анхаарууллаа.
Ерөнхийлөгч Путин мэндчилгээндээ "Хайртай хүмүүсээ алдсан бүх хүмүүст чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэх”-ийг иргэддээ уриалжээ.
Кремлийн ойролцоо салют буудуулж, харин оросууд өмнөх жилүүдийнх шигээ гудамж талбайд бус гэр гэртээ шинэ жилийн баяраа тэмдэглэн 2022 оноо угтлаа.
ОХУ-ын коронавирусын эсрэг ажлын хэсэг тус улсын 308 860 иргэн Ковид-19-ийн халдварын улмаас нас барсан гэж мэдээлсэн боловч тус улсын статистикийн агентлаг нас барсан хүний тоо үүнээс хоёр дахин илүү гэж мэдэгдэж байлаа.
Цар тахлын давалгаа бүрт өртөж буй ч орос улс өмнөх шигээ хатуу чанд хөл хорио тогтоохоо азнахаар шийдсэн гэдгийг эрх баригчид мэдэгдсэн билээ.
Хятадад оныг өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар угтаж байна
Хятад улс шинэ оныг Ковид-19-ийн эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд угтлаа. Шиан хотын 13 сая хүн ам бүрэн хөл хорионд байгаа бол бусад хотуудад хэд хэдэн арга хэмжээ цуцлагдаж, зарим мужуудад баяр наадмын үеэр аялахгүй байхыг уриалж байв.
Бээжингийн алдартай "Happy Valley" зугаа цэнгэлийн парк шинэ жилийн баярт зориулсан арга хэмжээгээ цуцалсан бол зүүн хэсгийн Нанжин хотын "Happy Valley" цэцэрлэгт хүрээлэн баяр ёслолын үеэр дрон шоу, салют буудуулжээ.
2019 оны сүүлээр Ковид-19 анх бүртгэгдсэн Ухань хотод олон нийтийн газруудад томоохон хэмжээний цуглаан зохион байгуулалгүй шинэ жилээ чимээгүй угтлаа.