Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын ээлжит хуралдаанаар 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Коронавируст халдварын омикрон халдвараас сэргийлэхэд зориулан 5.6 тэрбум төгрөг, Эрээн боомт дахь ачааг татан авахад зориулан 3 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргах шийдвэрийг өнөөдөр гаргасан" гэв.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэрэглэсэн дулаан цахилгаан эрчим хүч, хэрэглэсэн уурын төлбөрийг ахуйн хэрэглэгч дээр зөвхөн цахилгааны хэрэглээн дээр нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-н хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Төрөөс даах хөнгөлөлт дээр хэрэглээний дээд хязгаарыг зааж өгсөн. Гэр хороололд амьдардаг хэрэглэгчдийн хувьд 350 кВт цаг хүртэл орон сууцад амьдардаг ахуйн хэрэглэгчид 250 кВт цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг Засгийн газраас хэрэглэгчийн өмнөөс хариуцан төлөхөөр шийдвэр гаргасан" гэдгийг мэдээллээ.