Хятадын өмнөд хэсгийн цагдаа нар гэмт хэрэг үйлдсэн гэх дөрвөн этгээдийг гудамжаар олон нийтэд жигшээх ажиллагаа явуулж буй бичлэг дэлхий нийтэд цацагдлаа.
Гэмт этгээдүүд Ковид-19-ийн үеийн хөл хориог зөрчин хилээр хууль бусаар хүн нэвтрүүлсэн хэрэгт буруутгагдав.
Бичлэгийг сийрүүлбэл, Гуанши мужийн Жинши хотын гудамжаар хамгаалалтын цагаан хувцас өмссөн цагдаагийн ажилтнууд гэмт хэрэгтнүүдийн зураг бүхий пайз цээжинд нь зүүн дагуулж явах аж.
Нийтэд жигшээх уг ажиллагаа нь цахим орчинд цацагдсан даруйдаа шүүмжлэлд өртсөн юм.
Төрийн мэдлийн Guangxi Daily сонины мэдээлснээр, сахилгын арга хэмжээ нь хилийн зөрчилтэй холбоотой гэмт хэргүүдийг таслан зогсоож, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг дагаж мөрдөхийг урамшуулж буй нэг хэлбэр гэнэ. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хилийн бүс дэх Ковидийн өнөөгийн байдлыг "хүнд, түвэгтэй" гэж тодорхойлжээ.
2019 оны сүүлээр Ковид-19-ийн анхны тохиолдол илэрсэн Хятад улсад цар тахлын улмаас нийт 4849 хүн нас барж, 114365 тохиолдол бүртгэгдсэн бол мягмар гарагт 203 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Бээжин Ковид-1—ийн эсрэг хатуу стратеги баримталж, цар тахлын дэгдэлтийг зогсоохын тулд хатуу хөл хорио тавьж, коронавирусын эсрэг вакцинжуулалтыг эрчимтэй хийж байгаа юм. Өдгөө тус улсын нийт хүн амын 86 хувь вакцины 1 дүгээр тунд бүрэн хамрагдаад байна.
Weibo-оор цацагдсан жигшээх ажиллагааны талаар олон нийтийн байр суурь хуваагдмал байлаа. Зарим хүмүүс жигшээх ажиллагаа нь олон зуун жилийн өмнөх гутамшигт зан үйл гэж шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь цар тахлын үед хөл хорио зөрчиж буй гэмт этгээдүүдийг ингэж нийтэд жигшээх нь бусад этгээдүүдэд сануулга болох ач холбогдолтой гэж дэмжиж байгаа юм.
Төрийн өмчит Бээжин Ньюс агентлаг "Энэ арга хэмжээ нь хууль дээдлэх ёсыг ноцтой зөрчиж байгаа тул дахин давтан явуулахыг зөвшөөрөх боломжгүй" гэж мэдэгдсэн.
Соёлын хувьсгалын үед олон нийтийн өмнө гэмт этгээдүүдийг жигшээх ажиллагаа явуулах явдал түгээмэл байсан бөгөөд түүнээс хойш ховордсон юм. Сүүлд 2006 онд 100 орчим биеэ үнэлэгч болон тэдний зарим үйлчлүүлэгчдийг шоронгийн дүрэмт хувцас болох шар өнгийн хүрэмтэй нь хийсэн хэргийг нь бичсэн пайз хүзүүнд нь зүүн гудамжаар алхуулж байсан ажээ.