Аляскт агаарын хэм түүхэн дээд хэмжээндээ хүрч хамгийн дулаахан өвөл тохиож байна. Харамсалтай нь энэ бол сайн мэдээ биш эсрэгээрээ "Icemageddon" болох аюулын сэрэмжлүүлэг юм.
АНУ-ын хамгийн хүйтэн Аляска мужид арванхоёрдугаар сарын хамгийн дулаан өдөр буюу Кодиак арал дээрх агаарын температур цельсийн 19.4 (67F) болсон нь тус муж улсын өмнөх дээд цэгээс бараг долоон хэмээр дулаан гэсэн үг юм.
Гэхдээ Аляскийн бусад хэсэгт агаарын хэм хамгийн доод хэмжээнд хүртэл буурч хүйтэрч байна. Тухайлбал, зүүн өмнөд хэсэгт орших Кетчикан хотод арванхоёрдугаар сарын 25-нд агаарын температур цельсийн -18 (-0.4F) болж буурсан нь өнгөрсөн зууны хамгийн хүйтэн Зул сар боллоо.
Цаг агаарын эрс тэс уур амьсгалаас үүдсэн бороо, цасан шуурга холилдон орж буй нь авто замуудыг мөсөн бүрхүүлтэй болгож байгаа учир эрх баригчдаас "Icemageddon"-ын аюулыг сэрэмжлүүлж эхэлжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хавайгаас ирж буй дулаан агаар Аляскийн агаарыг (12-р сард ихэвчлэн хүйтэн, хуурай байдаг) илүү чийглэг болгожээ. Энэ нь далайн эргийн бүс нутгаас хол, дотоод бүс нутагт аадар бороо, цасан шуурга шуурах магадлал өндөр байна гэсэн үг юм.
Их хэмжээний цас орсны дараа аадар бороо орсны улмаас бороо хурдан хөлдөж, бүс нутгийг мөсөөр хучиж, цахилгаан эрчим хүч тасарч, замууд боогдож улмаар албан газрууд хаагдахад хүрчээ.
Зам дээр зузаан мөс үүсч, аюултай гулгаа үүсч байгааг Аляскийн Тээвэр, нийтийн байгууламжийн хэлтсээс иргэддээ анхааруулж байна.
"Замын гадаргууд наалдсан мөсийг арилгахад маш хэцүү байдаг. Хэдийгээр агаарын хэм дулаахан байсан ч замууд 0 хэмээс доош температуртай байсан нь мөсөн бүрхүүл үүсгэсэн" гэж тус хэлтэс Twitter хуудсандаа бичиж анхааруулжээ.
Аляскийн Уур амьсгалын үнэлгээ, бодлогын төвийн цаг уур судлаач Рик Томан BBC-д хэлэхдээ, мөсөн бүрхүүл наад зах нь 3, 4-р сар хүртэл хайлахгүй. 1937 оноос хойших хамгийн ширүүн шуурга Фэрбенкс хотод болж 10 инч (25.4 см) цас орсон талаар Рик Томан тайлбарлав.
Ням гарагт их хэмжээний цас орж, Фэрбенксээс зүүн өмнө зүгт 95 миль (153 км) зайд орших Дельта Жункшн хотын цорын ганц хүнсний дэлгүүрийн дээвэр нурсан байна. Сүүлийн хорин жилийн хэт халуун, хүйтэн температурын эсрэгцэл нь уур амьсгалын өөрчлөлтийн гол шинж тэмдэг юм.