УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар, Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Улмаар УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхын саналаар эцэслэн батлав.
Энэ талаарх Монгол Улсын эрх ашгийг хамгаалах тухай УИХ-ын хурлын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулах үүрэг болгох түр хорооны санал дүгнэлт бүхий дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулав.
Тогтоолын төслийн 1.4 дэх хэсэгт, “Оюу толгой” ХХК-д хувьцаа эзэмшигч болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх” гэж нэмэхийг дэмжих саналын томъёоллоор санал хураахад дэмжигдлээ. Мөн найруулгын шинжтэй өөр нэгэн саналын томъёоллоор санал хураахад 75.5 хувийн саналаар дэмжигдсэн юм.
Дараа нь “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, 74.1 хувийн дэмжсэн саналаар тус тогтоол батлагдлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсгийн гишүүдийг танилцуулав. Үүнд, Ажлын хэсгийн дарга Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Хуульз үйн дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ХЗДХЯ-ны Хуульзүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг зэрэг багтжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:
-Байнгын хорооноос “Оюутолгой” ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх гэж оруулахаар аж ахуйн нэгж учраас цаашид үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт татах, зээл авах зэрэг асуудал нь төсөл батлагдснаар хаалттай болох уу. Хэрэв ийм нөхцөлд “Оюутолгой” ХХК цаашид хэрхэн хөрөнгө оруулалт авч үйл ажиллагаа явуулах вэ?
Түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:
-УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын асуултад хариулъя. Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюутолгой” ХХК анхны хөрөнгө оруулалт хийснээс хойш үйл ажиллагааны орлогоор дараагийн бүтээн байгуулалтаа хийх ёстой. 2010 оны ТЭЗҮ-гээр 5.1 тэрбумын хөрөнгө оруулалтын 11 тэрбумын зардал гарна гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, 5.1 тэрбумаас бусдыг нь үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлэх ёстой. Гэхдээ Засгийн газартай зөвшилцөж үйл ажиллагааны орлогоор 2000 онтой харьцуулахад үнийн зөрүүгээр энэ жил нэг тэрбумын орлого олж байна. Дансанд нь 600 сая ам.доллар байгаа. Гэтэл 1.4 тэрбум ам.доллараар далд уурхайг ашиглалтад оруулах шаардлагатай гэж байгаа юм. Уг нь нэг тэрбум нь байхад манайхан тэдний өмнөөс санаа зовоод байна. Өөр нэгэн боломж нь өр үүсгэхгүй байх саналыг авсан нь порвард гэрээ хийх, урьдчилгаа борлуулалт хийх энэ бүгдийг нээж байна.
Ингэснээр борлуулалтаар тодорхой хэмжээний урьдчилсан гэрээ байгуулж, өр үүсгэж санхүүжилт хийх боломж нээгдэнэ. Хоёрдугаарт, үйл ажиллагааны орлого, гуравдугаарт, хувьцааны ханш өссөн тул төрийн санг нэмэгдүүлэх, хувьцааны санхүүжилт хийх нь нээлттэй. Ийм гурван боломж бий. Ер нь анхны гэрээгээр бол үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлэх юм билээ. Гэтэл Дубайн гэрээ гэж өндөр хэмжээний зээлүүд авснаас болж 2023 онд авах ёстой ногдол ашиг 2037 он болж хойшилсон. Одоо гуравдагч этгээдийн зээлийн тухай яривал 2051 он болно. Нийт 4.3 тэрбум ам.доллар шаардлагатай. Монгол Улс үнийн өсөлтийн рояалти төлдөггүй учраас энэ жил нэг тэрбум ам.доллар болж байна. Өөрөөр хэлбэл, 2020 онтой харьцуулахад борлуулалт нэг тэрбумаар илүү байгаа юм. Үнийн өсөлтөөс шалтгаалж байна.
УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:
-Монголын ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу үгүй юу. Анхны хэлцлээр 2023 оноос хүртэх ёстой гэж байсан. Дубайн гэрээгээр хугацаанд өөрчлөлт орж 2037 он болсон гэсэн. Одоо Дубайн гэрээ хүчингүй болчихлоо. "Рио Тинто" компани "Оюу толгой"-н 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэхээр боллоо. Тэгэхээр бидний ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу?
УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ц.ДАВААСҮРЭН:
-Ногдол ашиг хойшлуулсан асуудал бол Дубайн гэрээний 4.1 тэрбум ам.долларын зээлтэй холбоотой шүү дээ. 2023 он байсныг 2037 он болгосон. Хэлэлцээрийн явцад 4.1 тэрбум ам.долларын зээлийн өрийг яах вэ гэдгээс л шалтгаална. Манайх ашиглаагүй гэж үзэн аудитын дүгнэлтээр зээлүүдээс тэглэх боломж гарвал ногдол ашиг хүртэх боломж нь наашилна.