Бид өдөрт маш олон төрлийн сэтгэл хөдлөл гаргаж түүнийгээ царайгаараа илэрхийлдэг. Хүн нүүрнийхээ ердөө тал булчинг л өдөрт ажиллуулдаг байна. Иймээс нүүрний иог хийж эхэлснээр нүүрний бүх булчинг ажиллуулж, арьсаа чангалах боломжтой болдог байна. Нүүрний иог хийснээр таваас арван насаар залуужих бүрэн боломжтой ба мэсийн бус эрүүл аргаар гоо сайхнаа залуугаар авч үлдэх хамгийн тохиромжтой арга аж. Тэгвэл нүүрний иог хэрхэн хийх талаар “Бадамлянхуа иога” төвийн захирал Б.Туултай ярилцлаа.
Нүүрний иог гэж юу вэ?
Сүүлийн үед нүүрний иогийн талаар ихээр яригдах болсон. Дэлхий нийтэд болон Монголд эрчимтэй хөгжиж байгаа гэж хэлж болно. Нүүрний иогийг маш олон жилийн өмнөөс хийж эхэлсэн. Гэхдээ тухайн үед иог гэж нэрлэдэггүй нүүрний дасгалжуулагч гэж нэрлэдэг байсан. Ерөнхийдөө нүүрний иог нь Булчин шөрмөс эд эсийг залуугаар нь удаан байлгах, хөгшрөлтийг удаашруулдаг.
Нүүрний иог гэдэг нь хүний нүүрний булчингуудын агшиж, сунах зарчимд үндэслэн хийгддэг иогийн дасгал юм. Нүүрний булчинг дасгалжуулан, үрчлээ нугалааг багасган, арьсыг өнгөлөг, залуу харагдуулах эмийн бус, мэсийн бус, гайхалтай аргын нэг нь нүүрний иог юм. Нүүрний булчингууд нь хүний бүхий л сэтгэлийн хөдөлгөөнд оролцож маш их ачаалалтай байдаг. Энэ нь тархинд хамгийн их сэрлийг үүсгэж, хүнийг тавгүйтүүлж байдаг. Нүүрний булчингуудыг жигд чангалах, суллах дасгалыг хэт хүчлэхгүйгээр хүний биеийн байгалийн мөн чанарт нь тулгуурлан хийх нүүрний иог нь зөвхөн нүүрийг залуу сайхан байлгаад зогсохгүй бүх бие сэтгэлийг амрааж, эрүүлжүүлэх дасгал юм. Хийхэд хялбар, цаг хугацаа бага шаарддаг, үр дүн сайтай, ямар ч эрсдэлгүйгээс гадна нүүрний арьс, гадаад дүр төрхийг зөвхөн харагдах байдлаар нь сайжруулах төдийгүй бүх эрхтэн тогтолцоо, эд эсийн түвшинд дотроос нь, биологийнх нь хувьд залуужуулдаг, бие махбодын өөрийн төрөлх чадавхид тулгуурласан бие, сэтгэлийг бүхэлд нь сэргээх цогц арга гэдгээрээ онцлог юм.
Нүүрний иогт хэдэн төрлийн дасгал байдаг вэ? Үүнийг хэр хугацаанд сурах боломжтой вэ?
Манай сургалтын хөтөлбөрт Нүүрний дээд, Нүүрний доод хэсгийн 20 минутын дасгал буюу нийт 16 дасгал, цэгэн иллэг, иллэгүүдийг заадаг. Багшийн зааварчилгаа тусламжтайгаар 5-10 хоногийн танхимын сургалтанд хамрагдаад дасгалуудаа зөв сураад гэртээ хийгээд байх боломжтой болно.
Хүний нүүр ядардаг уу?
Хүний нүүрийг сэтгэлийн толь буюу нэрийн хуудас гэж нэрлэдэг шүү дээ. Нүүрний булчингууд бол сэтгэлийн булчингууд. Хүний сэтгэл санаа ямар байна. Тэр болгон хүний нүүрэн дээр гарч байдаг гэсэн үг. Тэгэхээр хүний нүүрний булчингууд ядардаг. Маш их чилдэг. Өдөр болгон хүний нүүрний 20 гаруй булчин идэвхтэй ажилладаг. Харин 30 гаруй булчин идэвхтэй ажиллаж чаддаггүй. Үүнээс шалтгаалж арьс суларч болно. Тэгэхээр нүүрний иогийн дасгал хийснээр үндсэндээ нүүрэндээ байгаа 57 булчинг тэнцвэртэй ажиллуулна. Ингэснээр булчингууд тэнцвэрт байдлаа ханган унжиж сулрахгүй залуу байдлаа хадгалах боломжтой болдог. Тэгэхээр нүүрний иог хийснээр хамгийн түрүүнд нүүрний хаван буурч эхэлдэг. Тэгэхээр нүүр жижгэрдэг гэж хэлж болно.
Нүүрний хэлбэрээ иог хийснээр засах боломжтой юу?
Нүүрний иог хийснээр 14 хоногт эхний үр дүн гардаг. Хоёр дахь үр дүн 2-4 сарын дараа мэдрэгдэнэ. Энэ үр дүнгээр нүүрний тэгш хэм алдагдсан бол тэгширдэг. Гурав дахь үр дүн 6-9 сар нүүрний иог хийснээр нэлээн том үр дүн буюу таваас арван насаар залуу харагдах боломжтой.
Нүүрний иог ямар ач холбогдолтой вэ?
Нүүрний иог нь нүүр, хүзүүний булчингуудын хөдөлгөөнийг идэвхжүүлж, булчингийн хэт чангарал болон тэгш бус агшилттай холбоотой үүссэн янз бүрийн асуудлуудыг арилгана. Тогтмол хийснээр булчингийн хөдөлгөөнгүй, байнгын зуршсан чангарлаас улбаалан гардаг арьсны үрчлээсүүд багасна. Нүүрний иогийн дасгалууд нь арьсны өнгөн хөрс төдийгүй жинхэнэ арьс, өөхөн давхраанд хүртэл нөлөөлдөг онцлогтой бөгөөд цус, тунгалгийн эргэлтийг сайжруулан, арьсны хүчилтөрөгчийн хангамжийг эрс нэмэгдүүлж, бодисын солилцоог эрчимжүүлэн коллаген, эластин уургийн нийлэгжилтийг дэмждэг байна. Ингэснээр дээд зовхи, хөмсөг, уруулын булан өргөгдөж, нүдний эргэн тойрны унжилт, хамар уруулын нугалаа зэрэг насжилттай холбоотой үүсдэг өөрчлөлтүүд багасна. Хацар, эрүү чангарч, нүүр жижгэрэн зөв хэлбэртэй болно. Арьс зөөлөн, булбарай, өнгөлөг, толигор болно. Арьс чангарч, жижиг үрчлээнүүд тэнийнэ. Булчингийн тамир сайжирч, нүүрний хэлбэр засагдана. Нүүрний хаван, давхар эрүү арилна. Арьс уян хатан, гадаргуу нь жигд толигор болно. Нүдний харааг сайжруулна Үс уналтыг багасган, ургалтыг сайжруулна. Нойр сайжирна. Сэтгэл санаа тайван амгалан, баяр баясгалантай, аз жаргалтай болно.
Нүүрний иогийг яаж зөв хийж сурах вэ? Бичлэг, эсвэл ном гарын авлага ашиглан хийж сурч болох уу?
Сүүлийн үед бичлэг, ном гарын авлагаар их суралцдаг болсон байна. Болохгүй зүйл бол байхгүй л дээ. Гэхдээ эхний ээлжинд багшийн зааварчилгаа удирдлаганд суралцах нь булчингийн тонус хөдөлгөөнийг мэдрэх , дасгалаа зөв сурч авахад тусална. Зарим хүмүүс шууд бичлэг үзээд сурах гээд байдаг. Зарим дасгалуудын хувьд олон үйлдэл зэрэг хийгддэг учир хийхэд хэцүү байдаг. Хэрвээ дасгалаа буруу сурчихвал ямар ч үр дүн үзүүлэхгүй бөгөөд эсрэгээрээ сөрөг үр дүн гаргах магадлалтай. Тиймээс ядаж багштай онлайн сургалтад суух хэрэгтэй. Багшийн зааварчилгааны дагуу дасгалаа хийж гүйцэтгээд мэдрэх юм бол илүү үр дүнтэй. Зар сурталчилгаанд зориулагдсан бичлэгийг хараад хийнэ гэдэг өрөөсгөл. Яагаад гэвэл тэр булчингуудыг зөв ажиллуулж чадаж байна уу, булчингаа зөв мэдэрч чадаж байна уу гэдэг нь хамгийн чухал. Хэрвээ дасгалаа буруу хийгээд байх юм бол магадгүй нүүрэнд байгаа үрчлээсээ нэмэх сөрөг талтай. Зарим хүмүүс би зөвхөн нүдэндээ үрчлээтэй юм чинь нүднийхээ дасгалыг л хийе гээд байдаг. Ганцхан нүдний дасгал хийгээд өөрчлөгдөнө гэж байхгүй. Нүүрний булчингууд хоорондоо бүгд холбоотой. Энэ булчингуудыг бүгдийг нь жигд ажиллуулж цогц дасгалыг хийж байж үр дүн гарна. Энэ нь духнаасаа хүзүү хүртэл хийдэг дасгал байдаг. Мөн нэмэлтээр иллэг, цэгэн иллэг, гуаша, гараар болон халбага ашиглаад хийж болон олон дасгал аргууд бий. Цогц дасгалууд тийм ч хэцүү биш өдөрт 15-20 минут зарцуулаад хийхэд л хангалттай. Үүнийг амьдралынхаа хэвшил болгоод хийж байвал үр дүн сайн гарна. Нүүрний иогийг залуу эхлэх тусам үр дүнтэй байдаг. Залуу эхлэх тусам залуугаар нь арьсаа хадгалж үлдэх боломжтой.
Нүүрний иогийг хийж эхэлснээр хэр хугацааны дараа үр дүн гарах вэ?
Дасгал хийж эхлээд та юун түрүүнд нүүрний булчингуудаа мэдэрч эхэлнэ. Биеийн дасгал хийдгийн нэгэн адил нүүрний арьс халуу дүүгэж, бага зэрэг улайна. Хүн бүрийн хувийн онцлог, арьсны хэв шинж, булчингийн тонус, насжилт, дасгалаа хэр зэрэг зөв, тогтмол хийж байгаа зэргээс шалгаалан үр дүн гарах хугацаа харилцан адилгүй байж болох боловч эхний өөрчлөлтийг ойролцоогоор 2 долоо хоногийн дараагаас олж харна. 2-4 сарын дараа таны нүүрний үрчлээ илт багасаж, ядаргаа, стресс арилсан болохыг мэдэрнэ. Энэ үед ойр тойрны хүмүүс тань таны нүүрний арьс эрүүлжиж, эрч хүчтэй, залуу харагдах болсныг ажиглана. 6-9 сарын дотор та өөрийгөө олон насаар залуужиж, илүү тайван, эрч хүчтэй болсныг мэдэрнэ. Ийнхүү өдөр бүр 20 минут хийх дасгал нь зөвхөн нүүрний арьс, гадаад байдлыг сайжруулаад зогсохгүй сэтгэл санааны хямрал, ядралыг арилган тайвшруулж, өөдрөг, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, аз жаргалтай болгон хувиргах шидтэй.
Өдрийн аль цагт хийх нь тохиромжтой вэ?
Хэзээ ч хийсэн болно. Өөрийнхөө зав чөлөөтэй ямар ч үед хийж болох боловч унтаж сэрээд өглөө эсвэл унтахын өмнө орой хийх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Болж өгвөл 1 цагт 1 газар хийж хэвшил болговол сайн. Өглөө эрт, зурагт үзэж байх үед, машины зогсоол дээр гэх мэт янз бүрийн байдлаар тохирсон газраа хийж болох хэдий ч тайван, тухтай, чимээгүй орчинг өөртөө бүрдүүлж, сэтгэл санаагаа тайвшруулан, анхаарлаа төвлөрүүлж хийх нь дасгалын үр дүнг нэмэгдүүлнэ. Мөн ямар нэгэн үйлдэл хийж (машин барьж байх үед гэх мэт) буй үедээ дасгал хийхгүй байхыг зөвлөдөг. Иогийн хамгийн чухал зүйл бол амьсгал дээр суурилдаг. Бид иог хийж байхдаа давхар бясалгал хийж байдаг гэсэн үг. Тухайн цаг мөчид хийж буй дасгалдаа төвлөрдөг учраас амарч тайвшрах мэдрэмж өгдөг. Ядаргаа тайлагддаг.
Овортой харагдуулдаг үрчлээсүүд байдаг. Хамрын хоёр талын босоо үрчлээс зэрэг гүн үрчлээсийг ч гэсэн нүүрний иог хийснээр арилгах боломжтой юу?
Тиймээ. Хацар уруулын булчингуудыг дасгалын тусламжтай жигд чангалснаар арьс өргөгдөж хамар уруулын нугалаа буюу насжилттай холбоотой үрчлээс багасна.
Нүүрэнд юунаас болж үрчлээс үүсдэг вэ?
Нүүрэнд үрчлээс үүсэхэд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол стресс. Амьдралын буруу хэвшил, нойргүйдэл, ажлын ачаалал, зөв хооллолж чадаж байгаа эсэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Тэгхээр нүүрний Иог хийснээр эхлээд нүүрний булчин чангарна. Булчинг дагаад арьс өргөгдөөд хэлбэрээ хадгалж эхэлнэ. Нүүрний иог хийгээд эхлэхээр хөмсгөө хэт зангидах зэрэг бусад рефлексүүд аяндаа багасаад эхэлдэг.
Танайх нүүрний иогоос гадна өөр ямар ямар сургалт явуулдаг вэ?
Манай Бадамлянхуа иога сургалтын төв нь хатха уламжлалт иог, агаарын иог, жирэмсний иог, ахмадын иог, зөөлөн иог, нүүрний иог, табата галбиржуулах анги, эрэгтэй иог, иони иог буюу эмэгтэйчүүдэд зориулсан иог, багш бэлтгэх сургалтууд, аура оношилгоо хүрдний засал гэх мэт үйл ажиллагаа явуулдаг.
Та хүмүүст хандаад юуг хэлэх вэ?
Би тарган туранхай, хөгшин залуу гэж өөртөө хана босголгүйгээр өөрөө өөртөө цаг зав гарган 10, 20 жилийн дараах өөрийгөө өнөөдрөөс эхлэн бүтээгээрэй.