Бид “Сөрөх нударга” сургалтын төвийн багш дасгалжуулагч Н.Ганхуягтай уулзаж, бие хамгаалах урлаг болон тулааны спортын ялгаа юу болох талаар ярилцлаа. Мөн эрсдэлтэй нөхцөл байдалд орсон хүмүүс хэрхэн өөрийгөө хамгаалах тухай зөвлөгөө мэдээлэл авсан юм.
–Бие хамгаалах урлаг, тулааны спортын ялгаа нь юу вэ?
Бие хамгаалах урлаг болон тулааны спортын ерөнхий ойлголт нь тулалдах мөн. Гэхдээ тулааны урлаг дотроо хоёр хуваагдаж байгаа. Нэг нь спортын тулааны урлаг. Үүнд бокс, таеквондо зэрэг байж болно. Эдгээрт тодорхой нэг дүрэм байж байдаг. Бие хамгаалах урлаг гэдэг нь энгийн, амьдрал дээр хүмүүс ямар нэгэн гэнэтийн халдлагаас биеэ хамгаалахад зориулагдсан арга мэхүүдийг л заадаг юм. Үүгээрээ ялгаатай гэсэн үг. Спортын арга техник гэж нэг байдаг байх нь. Биеэ хамгаалахад бас нэг арга техник гэж байдаг байх нь.
Үүний арга зарчим бол энгийн, үр дүнтэй, амьдралд ойрхон, уламжлалт бус гэсэн зарчмыг баримталдаг. Жишээ нь спортод нуруугаа харуулж зугтааж болохгүй. Бие хамгаалах урлагт зугтааж болно. Спортод ямарваа нэгэн цохилтуудыг хязгаарласан байж байдаг. Жишээ нь эмзэг цэгрүү довтолж болохгүй, хазаж болохгүй гэсэн байдаг. Биеэ хамгаалах урлагт болно.
–Гэнэтийн халдлагад өртөхгүй байхын тулд юун дээр анхаарах вэ?
–Халдлага үйлдэгчид хамгийн сул дорой, дийлж болох хүнийг бай болгодог. Тэгэхээр сул дорой мэт харагдаж болохгүй гэсэн үг. Нуруугаа цэх, хөл гараа өөртөө итгэлтэй хөдөлгөж явах хэрэгтэй. Хоёрдугаар тохиолдолд гэмт халдлага хийдэг хүмүүс орчин нөхцөлөө сонгодог. Оройн цагаар, харанхуй, гэрэлгүй камергүй газар. Ийм газраар явж байгаа бол зугтаахад, гүйхэд, хөдлөхөд эвтэйхэн хувцаслалтаа эхлээд сонгосон, бэлэн байх хэрэгтэй. Ийм нөхцөлд аль болох бууж өгөх хэрэгтэй. Хүссэн юмыг нь өгөөд маш хурдан зугтаах нь зүй. Амиа л аврах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэлгээний хувьд ялагч байх гэсэн, хүчтэй байх гэсэн хандлагаасаа салах хэрэгтэй.
–Арга мэхийн тухайд товч танилцуулбал?
–Житкундогийн урлагт үндсэн гурван цэгийг л үр дүнтэй гэж үздэг. Товчхон, энгийн байх хэрэгтэй. Гурван цэг нь нэгдүгээрт доод цэг гэж үздэг. Энэ нь хөлнөөс доошоогоо. Дунд цэг гэдэг нь салтаан хэсэг, хэвлий хэсэг багтдаг. Дээд цэг бол хоолой, нүд хэсэг. Хэрвээ ямар нэгэн хүн таныг цохих ч юм уу, барих гээд дайрах юм бол эхлээд түрүүлж алхам хийх хэрэгтэй. Ингэхдээ энгийн зогсолт авсан байх нь чухал. Энэ нь нөгөө хүндээ ямар нэгэн үйлдэл хийх гэж мэдэгдүүлэхгүй. Эмэгтэй хүний хийж чадах хамгийн зөв үйлдэл бол нүд рүү нь хуруугаараа чичих. Чичих хуруу нь маш хатуу байх хэрэгтэй. Хүн араас чинь барьж болно, татаж болно, чангааж болно. Тийм тохиолдолд нүд рүү чичих үр дүнгүй болж эхэлдэг. Гараа атгаад дунд цэг буюу салтаа руу нь цохино гэсэн үг. Үүнийг маш олон үйлдэлд хэрэглэж болдог.
–Энэ төрлөөр хичээллэхийн давуу тал юу вэ?
–Байгалийн нэгдүгээр хэрэгцээ бол биеэ хамгаалах шүү дээ. Хоёрдугаарт хотод амьдарч байгаа учраас ямар нэгэн гэнэтийн халдлагаас заавал биеэ хамгаалж сурах арга мэх, зарчмуудыг мэддэг байх хэрэгтэй. Бие ахмгаалах урлагаар хичээллэсэнээр, оюун санааны хувьд, өөртөө итгэлтэй болно. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөнө. Бие хаа, эрүүл, тэгш зөв боловсон хүмүүжилтэй болно. Сайхан хамт олонтой байна. Тэгээд зорилготой болно гээд давуу тал их. Монголд бие хамгаалах урлагийг тодорхойлсон чиглэл гүйцэд үүсээгүй байна. Ихэнхдээ залуучууд үүнийг спорт гэж ойлгоод байгаа.