БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглодог М.Нандин-Эрдэнэ. Мэргэжлийн дэвжээнд 2014 оноос хойш хүч сорьж буй нэгэн юм. 2017 онд “Road FC”-ийн хүнд цохилтын эзэн шагнал хүртэж байсан юм. Тэрбээр Солонгосыг зорихоосоо өмнө сонирхогчийн боксоор хичээллэдэг байсан. АШТ-ий өсвөр үеийнхэд дөрөв, залуучуудынхад гурван жил завсаргүй түрүүлж байв. Насанд хүрэгчдийнхээс хоёр алтан медальтай тэрбээр Азийн дэд аварга. Кикбоксоор дэлхийн аварга, каратэ төрлөөр Азийн аварга, боксын Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан. Бага байхаасаа спортод хөл тавьж чамгүй амжилт гаргасан тулаанч, Монголын холимог тулааны MFC холбооны -70 килограммын жингийн анхны аварга М.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.
Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Нандин-Эрдэнэ гэдэг. 2000 оноос хойш бокс болон тулааны спортоор 21 жил тасралтгүй хичээллэж байна. Хүүхэд байхдаа секцэд явъя гэсэн чинь аав Спортын төв ордон руу бокст орчих гээд тэгээд орж байсан. Ер нь гэр бүлээрээ тамирчид гэж хэлж болно. Аав маань боксын тамирчин, эгч, дүү минь гээд ам бүл зургаан хүний дөрөв нь боксчин.
М.Нандин-Эрдэнэ дүү, найзын хамт 2003 он
Аав тань спорт руу хөтөлсөн юм байна шүү дээ. Ааваасаа их зүйл сурсан уу?
Манай аав ер нь спортын тал дээр хатуу хүн. Тэр нь ч өнөөдрийн Нандин-Эрдэнийг бий болгосон болов уу гэж боддог. Эр хүн эр хүн шиг байх ёстой. Эр хүнийг үг, үйлдэл хоёр нь чимдэг байх ёстой. Хэлсэн үгэндээ үнэнч байх ёстой. Чиний хийж байгаа үйлдэл чинь бусдын өмнө зөв байх ёстой гэж хүмүүжүүлсэн. Боксын спорт яг тулааны спортоор хичээллэх бол ер нь хүн гудамжинд зодолдох ёсгүй юм байна л гэдгийг ойлгосон. Ер нь хүн тэвчээртэй явах ёстой. Аль нэг нь хохирохгүй зүгээр л харилцаагаа аваад үлдэх нь чухал. Бодоод байхад би боксоор хичээллэж эхэлснээс хойш гудамжинд нэг ч зодолдож байгаагүй юм байна.
М.Нандин-Эрдэнийн аав Мөнгөнцоож
“ЭР ХҮНИЙГ ҮГ, ҮЙЛДЭЛ ХОЁР НЬ ЧИМДЭГ”
Олон тэмцээнд түрүүлж байсан ээж аав нь их бахархдаг байсан байх даа?
Медал угаана гэдэг зүйлийг бол нэг их мэддэггүй байсан. Тэмцээн дуусаад л гэр рүүгээ хариад л. Би амттанд маш их дуртай байхгүй юу. Аав ээж хоёр харихад дандаа рулет аваад тавьчихдаг. Улсын аварга ч бай тэгээд би чинь кикбоксын дэлхийн аварга болж байсан. Тэгээд дэлхийн аварга болоод л Азийн аваргаас мөнгөн медаль аваад харихад ерөөсөө л ямар ч тийм угаалт хамгаалах баярын ширээ байхгүй шүү дээ. Тэгээд л рулет, рулет. Ер нь бол нэг энгийн байх дуртай. Амжилтыг амжилт гэхээс илүү зүгээр миний ажлын үр дүн, бэлтгэл гэж хардаг.
Н.Төгсцогт, М.Нандин-Эрдэнэ нар Азийн сонирхогчийн бокс 2009 он
Энэ олон жил бэлтгэл хийхэд шантрах зүйл тохиолдож байсан уу?
Дунд нь маш их шантарсан. Өөр өөр зүйл рүү явсан болохоор тууштай байх ёстой л гэж боддог. Шантрахад хүргэсэн зүйл гэвэл би Солонгос руу спортоо дундаас нь хаяад явчихсан. 2008 онд 21, 22-той хүүхэд Монгол улсын шигшээ багийн нэг номер тамирчин байсан. Тэгээд олимп, дэлхийн аваргыг юм чинээ бодохгүй хаяад Солонгос явчихсан.
М.Нандин-Эрдэнийн эхнэр А.Ундрах хоёр хүүхдийн хамт
“ХҮНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ГЭР БҮЛ ШҮҮ ДЭЭ”
Яагаад БНСУ –руу явахаар болсон бэ?
Эхнэрээ Монголдоо авчраад энд хамт амьдраад бэлтгэлээ хийх боломжтой байсан л даа. Гэхдээ эхнэр маань оюутан байсан. Солонгост гаж хүмүүс их шүү дээ. Эхнэрийн араас нэг хүн байнга дагаад автобуснаас буусан ч араас нь дагаад, дээрээс нь гэртээ харьсан ч гэсэн цонхоор нь нэг хүн байнга хараад байсан гэсэн. Тэгээд л ер нь болохгүй юм байна гэж бодоод санаа зовоод явсан. Спортоо хаяхад бол их хүнд байсан л даа. Гэхдээ яалт ч үгүй хүний амьдралд хамгийн чухал зүйл бол гэр бүл шүү дээ.
Эхнэртэйгээ хэзээ танилцаж байсан бэ?
Эхнэртэйгээ гэр бүл болоод бараг 20 жил болсон байна. Бид хоёр хүүхэд байхаасаа эхэлж л үерхсэн. 2003 онд танилцсанаас хойш одоо 18 жил болсон байна. Одоо Монголд ирээд сар болж байна. 17 жил эхнэрийнхээ хажуугаас холдоогүй байж байгаад холдсон чинь санаж байна.
М.Нандин-Эрдэнэ эхнэр А.Ундрахын хамт
Та кикбоксоос өөр ямар спортын төрлөөр хичээллэдэг байсан бэ?
Бокс, кикбокс, таеквондо, монгол зоо, тэгээд гар тулаан гээд спортын төлөөллүүдийн улсын аварга болж байсан. Дээрээс нь кикбоксоор дэлхийн аварга болж байлаа. Тэгээд каратэ төрлөөр Азийн аварга болж байсан, боксын Ази тивийн аваргаас мөнгөн медаль авч байсан. Ер нь олон улсын тэмцээн бол зөндөө оролцдог байсан л даа. Ялангуяа Солонгост бол олон улсын тэмцээн, барилдаан, жижицу барилдаан зэрэг спортын төрлөөр их оролцож медаль авч байсан. Тэгээд одоо онгироод ч юм уу эсвэл тайлбарлаад ярих хэрэг байхгүй байх. Ер нь олон улсын тэмцээнүүдэд чамлахааргүй амжилт гаргаж байсан.
2007 оны "Таеквондо"-н улсын аварга
БНСУ-д очоод спортоо хэзээнээс дахиж үргэлжүүлэхээр шийдэж бэлтгэлээ хийж эхэлсэн бэ?
Би БНСУ-д очоод бүх спортоо хаясан. 100 хувь ажилчин анги болсон. Ерөөсөө Монголд лаг аварга, шигшээ багийн тамирчин. Хоёр, гурван газраас цалин аваад явж байсан бол Солонгост очсон чинь хэн ч биш хүмүүсээр загнуулаад л эхэлж байгаа байхгүй юу. Хүний нутаг гэдэг чинь яг л хүний нутаг шүү дээ. Бид тэнд ямар нэгэн дарга шиг эсвэл оффисын ажил хийгээд байж чадахгүй. Байнга бэлтгэл хийх боломжгүй. Ер нь боломжтой байх л даа. Гэхдээ миний хувьд бол боломжгүй шүү дээ. Гэр бүлээ авч явахын тулд бэлтгэлээ хойш тавих цаг үе байна. Тэгээд очсоноосоо хойш гурван жилийн дараагаас бэлтгэлээ хийж эхэлсэн.
БНСУ-д 2019 он "Фитнесс"
Гурван жилийн дараа дахин бэлтгэлээ хийж эхлэх болсон шалтгаан нь юу вэ?
Би Японд нэг тэмцээнд орсон. Тэгсэн тэнд 45, 46 настай ах хорин хэд, гучтай залууг хожчихоод гарч ирснээ тамхи татаад зогсчихсон. Би тэмцээн зохион байгуулагч л гэж бодсон. Нэг хөгшин ах яваад байсан чинь өөрөө гараад зодолдоод тэгэнгүүтээ тэр залууг хожчихоод буугаад ирэхээр нь бүр гайхсан. Тэгээд надад ч гэсэн боломж байгаа л юм байна гэж бодоод тэгээд ер нь ханцуй шамлаж орохоор болсон доо.
Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан бэ?
Өглөө таван цагаас ажил эхэлнэ. Нүүлгэлт, барилгын нураалт хийнэ. Барилга ч барьж үзсэн. Ер нь хийж болох бүх ажлыг хийж үзсэн дээ. Өглөө тав гэж гараад л өдөржингөө ажил хийгээд л орой зургаа, долоо гэж тараад хариад усанд орчхоод хувцсаа аваад ес, арван цагаас бэлтгэлээ хийдэг. Ер нь л тэгж явдаг. 10 цагаас бэлтгэлээ хийгээд 11 хагас 12 цагт дуусна. Тэгээд дахиад өглөө нь таваас ажилдаа явна гэх мэтчилэн яг л адилхан. Солонгост ер нь амьдрал уйтгартай шүү дээ. Яг л өдөрт хийдэг юмаа байнга хийнэ.
2012 онд БНСУ-д ажил
Ажлынхаа хажуугаар бэлтгэл хийнэ гэдэг хүнд байхаа?
Тамирчид чинь долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийж байхад би долоо хоногтоо гурав ч юм уу хоёр хийдэг байсан. Тэмцээн ойртож жингээ хасахаар би чинь өглөө гараад л өдөржингөө хоолгүй ажиллана шүү дээ. Хүмүүс хоол идэж байхад би машинд дуу сонсоод байж байдаг ч юм уу. Гэхдээ найзууд маань маш гоё. Хамт ажилд гарчхаад намайг түрүүлээд тараана. Тэмцээн дөхчих юм бол гялс түрүүлээд явчих ч юм уу, гялс очоод бэлтгэлээ хийчих гэх үеүд зөндөө байгаа. Ихэвчлэн тэмцээнд ер нь эхнэртэйгээ хамт явчихдаг. Манай холбоонд миний багш гэж хүн бий. Надаас өөр тамирчин байхгүй. Бэлтгэл хийх газар ч байхгүй гадаа бэлтгэлээ хийнэ. Тэгээд өөр ямар ч хамт олон байх байхгүй. Тэгээд эхнэртэйгээ, багш дээрээс нь ажил хийж байгаад хамгийн түрүүнд тарсан нэг найз маань хамт тэмцээнд дасгалжуулагчаар орох боломжтой. Найз дураараа ирээд л тэр том холбооны ринг рүү ус, алчуур барьчихсан орно. Тэгээд л найзууд портертойгоо түрүүлж тарсан нь ирээд л хамт орно.
“ТУЛААНЫ СПОРТ ЯГ Л ШАТАР ШИГ”
БНСУ 2017 он "Холимог тулаан"-ы тэмцээн
Кикбокс нэлээн хурд шаардсан спорт байх гэж харагддаг?
Тэмцээн дээр тулалдаж байгаа чинь бидний бэлтгэлийн үр өгөөж. Хамгийн чухал зүйл чинь бэлтгэл дээр л болж байгаа шүү дээ. Хүмүүсийн яриад байдаг тайзны ард болдог гэдэг шиг. Ер нь тулааны спорт чинь яг шатар шиг. Би нөгөө хүнээ цохилоо гэхэд тэр хүн намайг гаргаад цохино. Тэр гаргаад цохисонг нь сая бэлтгэл дээрх шиг гаргаад цохихоор нь гараараа хамгаалаад дахиад нөгөөдөх нь цохихоор бултана. Холимог тулаан чинь цочоогоод цохино, нөгөө нь хүн нь цочсондоо хөл рүү орж ирээд дарна. Яг шатар шиг гурав, дөрвөн үйлдлийн цаадахыг уншчихсан байдаг шүү дээ. Ер нь бол бүх тамирчид л тэгдэг байх.
БНСУ 2019 оны "Холимог тулаан"-ы тэмцээн
Тэмцээнд орохдоо их гэмтдэг үү?
Тэмцээнд орох болгондоо их, бага бэртдэг. Нөгөө тамирчныг ялсан ч ялагдсан ч бай бэртчихдэг. Ер нь мэргэжлийн спорт чинь хэцүү шүү дээ. Солонгост өдөр өнгөрөх тусам л мөнгө урсана. Тэгээд гараа хугалчхаад л гэртээ хэвтээд тавих боломжгүй. Байрны төлбөр хүүхдүүдийн сургалтын төлбөр зэрэг мөнгөний хэрэгцээ их. Гараа хугалж хагалгаанд орчхоод хадаастай, гипстэй гартай ажил хийгээд, дөрвөн давхраас уначхаад хүртэл би чинь шууд маргааш нөгөөдөр нь дахиад ажилд гараад явчихсан. Хэлэхээр хүмүүс нэг их итгэдэггүй. Хадаас нь ил гарчихсан. Тэгээд айл нүүлгэлт зэрэг ажил хийж байхад яг нөгөө хадаастай гаран дээрээ юм тавьчихна хэцүү шүү дээ. Гол нь үүгээрээ яг юу хэлэх гээд байна вэ гэхээр ямар ч эр хүн ер нь эхнэр, гэр бүлээ авч явах хариуцлагатай байгаарай.
“АЛДСАН ЦАГ ХУГАЦАА НӨХӨЖ ТУХАЙН ҮЕИЙН АМЖИЛТДАА ОДОО ХҮРНЭ”
Монголдоо ирээгүй удсан энд бэлтгэлээ хийх гоё байна уу?
Сая MFC холбооны аваргын бүсийг Америкт хамгаалаад ирсэн. Тэмцээнд ороод Монголд буугаад л маргааш нь шууд бэлтгэлдээ орсон. 2009 оноос хойш бараг анх удаагаа л ингэж ажил хийхгүй бэлтгэл хийж үзэж байна. Солонгост бол ажлаа дуусгачхаад маргаашийн ажлаа олно. Хүмүүс рүү залгана. Монголдоо ямар ч толгой өвдөхгүй юмгүй зөвхөн бэлтгэлдээ анхаарах сайхан байна. Дан бэлтгэлдээ анхаараад явж байгаа энэ цаг хугацаа нээх их удахгүй. Одоо энд бэлтгэл хийж байгаад Америкт тэмцээнд орно. Тэгээд Америкт тэмцээндээ орчхоод буцаад шууд Солонгос явна. Очоод тэгээд шууд ажлаа хийгээд л явчихна шүү дээ.
БНСУ 2020 он
Та Солонгос улсын холбоонд харьяалагдаад нэлээдгүй олон тэмцээнд орсон. Хүмүүс таньдаг уу?
Намайг Ука гэж дууддаг л даа. Одоо юүтүб дээр миний бичлэгийн дор бичсэн хүмүүсийн комментыг харахаар Ука ажил хийдэг юм байна лээ шүү дээ. Тэгээд Солонгост ажил хийгээд айл нүүлгээд явж байхад спорт мэддэг хүмүүс хараад таньдаг. Гадуур явахаар Нандин-Эрдэнэ нөгөө тулаанч Ука мөн үү зургаа хамт даруулъя гээд л хүмүүс тэгдэг. Ер “ROAD FC” холбоо Азидаа том холбоондоо ордог. Айл нүүлгээд явж байхад чинь айлын эзэд орж ирээд хажуугаас хараад л мэдэгддэг байхгүй юу. Тэгээд өөрөө Ука мөн биз дээ гэхээр өө тиймээ гэж хэлээд шууд хөлс асгараад л явчихна. За одоо би энэ ажлыг хамгийн сайнаар хийж өгөх ёстой юм байна шүү. Намайг харж байгаа юм шүү гэж бодогддог. Энэ хүн өөрийнхөө хүч чадлаар ингээд мөнгөө хураагаад дээрээс нь бэлтгэл хийгээд амжилтад хүрч байна гэхээр Солонгос хүмүүс бас хараад гайхдаг л байх. Солонгосын тамирчид чинь тэмцээнд орохдоо витамин уураг зэргийг маш ихээр хэрэглээд ордог.
MFC холбоо 2019 он
Одоо таны амьдралын зорилго юу вэ?
Гуч гараад ирэхээр тамирчин хүний хувьд спортоороо цаашаа явна, амжилт гаргана гэдэг хэцүү. Гэхдээ түрүүн ярьж байсан Япон ах шиг боломжгүй зүйл гэж байхгүй. Одоо улсын аварга, олимпын тэмцээд орно гэж бодож байгаа. Бэлтгэлийг байнга хийх боломжтой бол угаасаа бүх тэмцээнд түрүүлнэ. Тэгээд тийм боломж удахгүй гарах байх гэж бодож байна. Хичээж байгаа хүн бүрд боломж байдаг шүү дээ. Алдсан цаг хугацаагаа одоо эргүүлж авъя. Тухайн үеийн амжилтдаа одоо хүрье гэсэн зорилготой байгаа.