Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт 110 жилийн ой тохиож байна. Иймд түүхэн ойг тэмдэглэх хүндэтгэлийн чуулган Засгийн газрын ордны “Их хуралдай” танхимд өнөөдөр боллоо. УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд болон Улсын ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, нийслэлийн удирдлагууд оролцлоо.
Мөн Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, төрийн төрөлжсөн болон олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч нар цахимаар уригдан хуралдлаа.
1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласан. VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулж байсан түүхтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааныг нээж үг хэллээ. Тэрбээр, “Тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ой, зүрхний бичлэг шиг үйл явдалтай 100 жилийн төгсгөл, 2021 оны сүүлчийн долоо хоногийн мэндийг, ирээдүйд үүнээс илүү сайхан 100 жилийн эхлэл, шударга нийгэм, цэцэглэн хөгжсөн монголыг үр хүүхдүүддээ үлдээхийг зорьж яваа эх оронч монгол хүн бүхэнд өргөн дэвшүүлье. Энэ бол Монгол үндэстний хэдэн мянганы түүх, төрт ёсны 2200 гаруй жилийн түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдсэн үйл явдал юм. Монголоо гэсэн хатан зориг, мохошгүй зүтгэл, тууштай тэмцлээрээ Их Монголын гал голомтыг сэргээн мандуулсан эх оронч өвөг дээдэстээ гүн хүндэтгэл үзүүлэхээр Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан хуралдаж байна.
Элэг нэгт монгол ахан дүүс ээ, монгол үндэстэн бусдын хараат болж, дарлал хоцрогдолд нэрвэгдэж үндэсний эрх чөлөөгөө алдаад байсан гашуун цагт 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал мандсан юм. Шинэ тулгар Монгол Улс өдгөөгөөс 110 жилийн өмнөх энэ өдөр 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр VIII Богд Жавзандамбыг тусгаар улсынхаа хэмжээлшгүй эрх хаанаар өргөмжилж, улсаа Монгол, оны цолыг олноо өргөмжлөгдсөн хэмжээ, таван яамтай засгийн газраа байгуулсан нь Монгол орон дахин биеэ даасан тусгаар улс болсноо дэлхий ертөнцөд тунхаглан зарласан хэрэг байлаа.
Мөн 30 жилийн өмнө хүний эрх чөлөө, ардчиллыг сонгож, ардчилсан хувьсгал хийсэн билээ. 110 жилийн дараа бидний хийх хувьсгал зөв бодлого, тууштай хүчин зүтгэл, нэг Монгол, нэг зүгт гарч хүчээ нэгтгэсэн итгэл тэмүүлэл, эвийн хүчээр өрнөх ёстой. Тиймээс ард түмний засаглах эрхийг бүрнээ эдлүүлсэн, эрхзүйт тунгалаг төр, улсын хөгжил иргэдийн сайхан амьдралыг тэтгэсэн, хөгжлийн эдийн засаг, хүний хөгжил, хөдөлмөрийг эрхэмлэсэн шударга нийгмийг хамтдаа цогцлоохын төлөө нэгэн сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэхийг монгол түмэндээ уриалъя. Өөрийн эрхээр амьдрах эрх чөлөө, өөртөө эзэнт суух тусгаар тогтнолыг бидэнд авчирч өгсөн өвөг дээдэстээ мэхийн мөргөе. Монгол Улс мөнх оршин, ямагт мандан бадрах болтугай" гэв.