Коронавирусийн шинэ хувилбар омикрон нь өмнөх хувилбар дельтаг бодвол хүндрэл багатай ч халдвар тархах хурд нь өндөр учир харин ч илүү аюултай гэж эрдэмтэд тодорхойлжээ. Учир нь омикрон хувилбарын халдвар хурдацтай тархах нь хүн амын бүлгийг харгалзахгүй, бие муутай, бусад өвчлөлтэй хүнийг хурдан хүндрүүлж, тэр хэрээр эмнэлгийн ор болон эмч ажилчдын хүрэлцээ муутай орнуудад нас баралтын тоо нэмэгдэх аюултай.
Бид коронавирусийн шинэ хувилбарын талаар илүү ихийг мэдэхийн хэрээр мэдээлэл болон түүнээс үүсэх эрсдэл ч даган өөрчлөгдсөөр байна. Тиймээс омикрон хувилбарын талаарх сайн болон муу мэдээнүүдийг нэгтгэн хүргэе.
Сайн мэдээ: Лондонгийн Эзэн хааны нэрэмжит коллежийн судалгаагаар Өмнөд Африкийн эмч нар 11-р сард мэдээ гаргаснаас хойш Дельтагийн халдвартай харьцуулахад Омикроны халдвараар эмнэлэгт хэвтэх магадлал хамаагүй бага гэсэн эхний дүгнэлтийг бататгажээ.
Судалгаанд 12-р сарын 1-ээс 14-ний хооронд Англид PCR-ын шинжилгээгээр бүртгэгдсэн Ковид-19-ийн хариу нь эерэг гарсан 325,000 хүнээс Omicron-ийн 56,000, Delta-ийн 269,000 тохиолдлыг хамруулжээ. Эмнэлэгт эмчилгээ хийлгэх эрсдэл нь Дельтатай харьцуулахад Омикрон хувилбарын халдвартай хүмүүсийн тоо 20-25 хувиар, харин эмнэлэгт хэвтэх шаардлага 40-45 хувиар буурсан байна. Судалгаанд хамрагдсан вакцин хийлгээгүй эсвэл урьд нь халдвар аваагүй хүмүүсийн хувьд эмнэлэгт хэвтэх эрсдэл нь Дельтатай харьцуулахад Омикронхувилбарынх 11 хувиар бага байжээ.
Судалгаанаас харахад вакцины хоёр тун нь коронавирусийн халдвар авах, хүндрэл үүсэхээс бүрэн хамгаалж чадахгүй бөгөөд өдөөгч тун нь Омикрон болон Дельтагийн халдвараас хамгаалах хамгийн найдвартай, сайн арга гэдгийг тогтоожээ. Түүнчлэн өмнө нь Ковид-19-ийн халдвар аваад эдгэрсэн бол Омикроны халдвараар хүндэрч хэвтэх эрсдэлийн хоёр дахин бууруулж байж. Судалгааг удирдан явуулсан профессор Нейл Фергюсон энэ нь сайн мэдээ байсан ч Омикроноос үүдэлтэй халдварын тоо их байгаа, мөн урт хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол их байгааг анхааруулсан байна.
Өмнөд Африкт хийсэн Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн (NICD) удирдсан судалгаагаар 10-р сарын 1-ээс 12-р сарын 6-ны хооронд Ковид-19-ийн шинжилгээ нь эерэг гарсан 160,000 гаруй хүнийг судлахад Омикрон халдвар авсан хүмүүсийн эмнэлэгт хэвтэх магадлал бусад магадлалтай харьцуулахад 80 хувиар бага байгааг тогтоожээ. Энэ нь Омикрон илүү "хөнгөн" шинж чанартай эсвэл өмнө нь халдвар авсан Өмнөд Африкийн хүн амын дархлааны түвшин нөлөөлсөн үү гэдгийг хэлэхэд хэцүү гэдгийг энэхүү судалгааг зохион байгуулагчид онцолсон байна.
Үүний зэрэгцээ Эдинбургийн судалгаагаар Омикроныг анх илрүүлсэн 11-р сарын 23-аас 12-р сарын 19-ний хооронд Омикрон ба Дельтагийн халдварыг харьцуулахын тулд үндэсний тандалтын мэдээллийг ашигласан. Судалгаанд зөвхөн цөөн тооны тохиолдлыг хамруулсан бөгөөд Омикрон нь Дельтатай харьцуулахад эмнэлэгт хэвтэх эрсдэл 65 хувиар бага гэжээ. Энэ бүхэн сайн мэдээ байж болох ч коронавирусийн халдвараас айхаа больж, санаа амран тайвшрах цаг хараахан болоогүй.
Муу мэдээ: Омикрон хувилбарын тархалт дэлхий даяар нэмэгдэж байгаа нь анх бодож байснаас хамаагүй хурдан байгаа. АНУ, Их Британид өдөрт бүртгэгдэж буй тохиолдлууд нь Лондон, Нью-Йорк зэрэг хүн амын төвлөрөл ихтэй газруудад хамгийн их байгаа юм. Судалгааны тоонд санаа амран халдвар хамгааллын дэглэмийг үл тоомсорлон, вакцинжуулалтаа зогсоох юм бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хүндрэл үүсэх хувь харин ч эсрэгээрээ өсөх юм.
Гэхдээ энэ нь зөвхөн эмнэлэгт хэвтэх, нас барах тухай биш юм. Ковид-19-ийн халдвартай нь мэдэгдсэн л бол Омикрон, Дельтагийн аль нь байхаас үл хамааран тусгаарлах ёстой. Омикроны халдвар дамжих чадвар өндөр учир эерэг тохиолдлын тоо огцом нэмэгдэж, энэ нь тээвэр, цагдаа, галын алба, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг галын шугамд ажиллагсдад нөлөөлж эхэлсэнг АНУ-ын жишээн дээрээс харж болно.
Өөр нэг аюул бол хэрэв олон нийт зөвхөн сайн мэдээнд л анхаарч маск зүүх, дотоод орчинд агааржуулалт сайн хийх зэргээ багасгах юм бол цар тахлын эхний үеийн аймшигт нөхцөлд буцан очих болно.
Улс орнууд Омикроны тохиолдол бүртгэгдэхэд янз бүрийн хариу үзүүлцгээсэн. Нидерланд зэрэг орнууд хөл хорио, хил хаах зэрэг хатуу аргыг тэр дор нь авч хэрэгжүүлсэн бол АНУ, Их Британид маш сул арга хэмжээ авч байна. Бид хэдий чинээ хурдан арга хэмжээ авна тэр хэрээр халдварын тархалтыг хумьж чаддаг гэдгийг өнгөрсөн хугацааны богино түүх харуулсан. Тиймээс цар тахал бүрэн дуусаагүй, ахин шинэ хувилбар бүртгэгдэх магадлал өндөр байгаа үед сэтгэл амарч суух бус хөл хорионы дэглэм, халдвартай хүмүүсийг тусгаарлах, вакцинжуулах, өдөөгч тунд хамруулах зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудаа зогсоох ёсгүй гэдэгт эрүүл мэндийн байгууллагууд, эрдэмтэд санал нэгдэж байгаа билээ.