Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сард хуралдаж 15 хоногийн хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаж 93-р тогтоолоор иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор болсон. Мөн 10 сарын 5-нд Монгол улсын Засгийн газрын 122-р тогтоолоор дархлаажуулалтыг эрчимжүүлэх зорилготой 50 мянган төгрөг иргэн бүрд олгосон. Гэвч өнөөдрийг хүртэл данс, нэрний зөрүү зэрэг шалтгааны улмаас урамшуулал аваагүй иргэд ч байгаа юм. Тэгвэл энэ сарын 27-н хүртэл хүсэлт илгээсэн иргэдийн мэдээллийг төрийн сан руу явуулсан байна.
Энэ талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээлийн технологийн төвийн систем нэвтрүүлэлтийн албаны менежер Г.Ундрал “Урамшуулал авах хүсэлтээ өгсөн 6000 гаруй иргэд байна. 6000 гаруй иргэдийн мэдээлэлд шинжилгээ хийж үзэхэд авчихсан хүмүүс дахин дахин хүсэлт гаргах, дансны мэдээлэл нь зөрүүтэй байх, хэн нэгэн хамаатан садан аав ээжийнхээ дансны мэдээллийг оруулах, дансны мэдээллээ алдаатай бичих, овог нэрийнхээ байрлалыг сольж, нэрээ буруу бичих зэрэг асуудлууд гарсан. Ийм асуудлуудаас үүдэж 6000 гаруй хүнээс өнөөдрийн байдлаар 1300 орчим иргэний мэдээ мэдээллийг төрийн сан руу явуулах гээд бэлдэж байна. Засгийн газрын урамшуулал олгох тогтоолыг 2021 оны төсөвт суулгачихсан учраас 2022 онд иргэдэд олгох боломжгүй” гэж хэллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамын сошиал сувгуудаар үүнтэй холбоотой мэдээлэл цаг тухайн бүрд өгдөг байсан. 12 дугаар сарын 17-нд албан ёсны хаягуудаар мэдээлэл өгсөн. Мөн эдгээрийн адил өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр буюу 12 дугаар сарын 24-нд нийт урамшууллын мэдээллээ аваагүй овог, нэр нь зөрүүтэй гэх мэт буцсан мэдээлэлтэй хүмүүс рүү мессеж явуулсан. Түүнээс биш гэнэт хаачхаж байгаа юм биш гэдгийг онцолсон юм.