Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Монголын мэдээ сувгийн тоймч Жигжидсүрэнгийн Алтангэрэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоо гардан авлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "МҮОНТ-ийн сэтгүүлч, тоймч Ж.Алтангэрэл нь хэвлэл мэдээллийн салбарт 24 жил ажиллахдаа тасралтгүй парламентын сэтгүүлч, тоймчоор ажиллаж, УИХ-ын үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль тогтоомж, төр засгийн бодлого шийдвэрийг олон түмэнд сурталчлах ажлыг амжилттай гүйцэтгэж, хууль эрх зүй, нийгэм, улс төрийн сэдэвт олон арван нийтлэл, нэвтрүүлэг, хэлэлцүүлгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахын зэрэгцээ хэдэн арван залуу сэтгүүлчийг дадлагажуулан мэргэшүүлсэн, Хэвлэл мэдээллийн ёс зүйн үндсэн дүрмийг боловсруулахад идэвх санаачлагатай ажилласан" гэлээ.