Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу дөрөвдэх жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон таван алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
НОБГ-ын нийслэлийн аврах ангийн бүлгийн дарга, ахмад Б.Баттулга
Ахмад Б.Баттулга нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллах хугацаандаа 1300 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 1250 хүний амь насыг аварч, 350 буцалтгүй нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх ажиллагаа явуулан гаргаж, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгсөн.
Туул гол дагуу жил бүр зохион байгуулагддаг “Завьт эргүүл” арга хэмжээнд 315 удаа үүрэг гүйцэтгэж, голд живж, үерийн усанд урсаж байсан 350 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг ханган ажилласан.
Мөн ХУД-ийн Богдхан уулын Зайсан, Чулуут, Арцат, Их тэнгэрийн ам, Жаргалантын ам, Төр хурх, БЗД-ийн Улиастай, Шажин хурх, Өнхөрдөг, Хүүшийн ам, СХД-ийн Жаргалант тосгон, НД-ийн Тэрэлж, Төв аймгийн Заан тэрэлж, Баянчандмань, Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон, Мандал сумын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг унтраахад 150 хоног ажиллаж, 60 айлын гэр, 4 өвөлжөө, 30 иргэнийг түймрийн аюулаас хамгаалсан юм.
Булган аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, дэслэгч Ц.Пярлай
Дэслэгч Ц.Пярлай нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллах хугацаандаа 1000 гаруй удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 415 хүний амь насыг авран хамгаалсан. 2005-2011 онуудад Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгуудад гарсан ой, хээрийн түймэрт 85 хоног үүрэг гүйцэтгэж, 2700 орчим га талбайн түймрийг унтраах ажиллагаанд оролцсон.
Туул гол дагуу завьт эргүүлээр 8 жил ажиллахдаа 186 удаа үүрэг гүйцэтгэж, 70 гаруй иргэнийг аварч, үерийн усанд автсан 268 айлыг нүүлгэн шилжүүлсэн. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ голд осодсон 7 иргэний цогцос, 2021 оны 07 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг сумын нутаг Эгийн голд осолдсон 3 иргэний цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн 2021 оны 5,6 сард Булган аймгийн Булган суманд сураггүй болсон 2 иргэнийг эсэн мэнд олж, 07 дугаар сард Тэшиг сумын Эгийн гол олон жилийн дунджаас илүү үерлэж автомашин болон явганаар хөдөлгөөн үйлдэх боломжгүй болж гүүр гарц далан сэтэрсэн нөхцөлд ажиллаж, 462 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн юм.
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх аврах салбарын сургагч ахлагч П.Дэлгэрсайхан
Ахлах ахлагч П.Дэлгэрсайхан нь Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр 2021 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцож, усны гүнд 1753 минутын шумбалтын даалгавар гүйцэтгэсэн. Мөн коронавируст цартахалтай холбогдуулан тусгаарлах байранд 130 хоног хэв журам сахиулах үүргийг гүйцэтгэсэн. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан усны ослын дуудлага, Төв аймгийн Лүн сум, Туул голд осолдсон буцалтгүй нэрвэгдэгчийг эрэн хайх, аврах ажиллагаа, Булган аймгийн Дашинчилэн суманд гарсан усны ослын дуудлага, Сэлэнгэ аймгийн Бугат суманд самар түүж яваад төөрсөн 4 иргэнийг эрэн хайх ажиллагаанд тус тус 30 гаруй хоног үүрэг гүйцэтгэн ажилласан байна. Ахлах ахлагч П.Дэлгэрсайхан нь улсын хэмжээнд тохиолдсон томоохон дуудлагуудад тогтмол оролцдог алба хаагчдын нэг юм. Тухайлбал, 2006-2008 онд 50 удаагийн үер ус болон тогттол усанд осолдсон дуудлагаар 230 хоног гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн бол 2009 онд Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт Өгий нууранд осолдогчыг эрэн хайх ажиллагаанд 7 хоног, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутаг Хөвсгөл далайд осолдсон 2 иргэнийг эрэн хайх ажиллагаанд 8 хоног 30-50 метрт шумбалт хийсэн. Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны 18 ажилтан, 4 хүүхдийг усаар гаталгах болон аюулгүй газарт зөөвөрлөх ажиллагаанд оролцож, Орбит орчимд гарсан үер усны дуудлаганд 20 орчим айлыг нүүлгэн шилжүүлж, 20 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан. Булган, Хэнтий, Төв, Дорнод, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар 500 гаруй хоног үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станцын усанд осолдсон иргэний цогцсыг эрэн хайх, ажиллагаанд 6 хоног үүрэг гүйцэтгэж, 44 м гүнээс гарган хуулийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.
НОБГ-ын ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч М.Хүрэлсүх
Ахлах ахлагч М.Хүрэлсүх нь Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна. 2021 онд томилгоот ээлжинд 94 удаа гарч, 2215 цагийн үүрэг гүйцэтгэн,132 иргэний амь насыг аварч, 3 иргэний цогцостой ажиллаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гамшиг осол, гал түймрийн 81 удаагийн дуудлагаар ажиллаж, 53 удаагийн гал түймэр дээр байлдааны тархалт хийн тактикийн алдаа дутагдалгүй 239 цагийн үүрэг гүйцэтгэсэн байна.
Гал түймрийн аюул, утаажилтын бүсээс 132 иргэний амь насыг аварч, 4 буцалтгүй нэрвэгдэгчийг, мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 10х11 хэмжээтэй нийтийн байрны 1 дүгээр давхарт гарсан гал түймрээс утаажилтанд боогдсон 17 иргэнийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн юм.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн усчин аврагч, ахлах ахлагч Н.Нямсүрэн
Ахлах ахлагч Н.Нямсүрэн Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 185 удаагийн ой, хээрийн түймэр унтраах ажилд 356 хоног томилогдон ажиллахдаа 45 хүний амь нас, 75 айлын гэр, 125 хашаа саравч,12350 гаруй мал сүрэг, 3,5 сая га бэлчээр нутгийг түймрээс хамгаалсан. Хэрлэн, Онон, Улз, Халх гол, Буйр нуур, Шаазан нуурт нийт 45 удаагийн ослын дуудлагаар 156 хоног аврах бүлгийн бүрэлдэхүүнд ажиллаж, усанд осолдсон 52 иргэний цогцсыг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.
Мөн галт хэрэгслийн дуудлагаар 18 удаа ажиллаж, 400 гаруй сум, галт хэрэгслийг устгасан. Цас зудад төөрсөн, автомашин цасанд боогдсон дуудлагаар 25 удаа ажиллаж 69 автомашиныг татан гаргаж, 194 хүний амь насыг авран хамгаалсан байна. Ахлах ахлагч Н.Нямсүрэн нь Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр “Буйр” нуурт 2021 оны нэгдүгээр сард мөсөнд цөмөрч живсэн 2 автомашиныг гаргах ажиллагаанд 45 минутын 3 удаагийн шумбалт хийж, автомашинуудыг нуурын ёроолоос амжилттай татан гаргасан нь аймаг, сум орон нутгийн удирдлага, ард иргэдийн талархлыг хүлээгээд байна.
Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР