Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар хурлаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн иммуноглобулины бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гарсан байна.
Тодруулбал, НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Хүний хэвийн иммуноглобулинийг зах зээлээс эргүүлэн татах ажлыг эхлүүлээд байгаа тухай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлэв.
Эргэн сануулахад, Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдах боломжгүй 0-11 насны хүүхдэд дархлаа дэмжих иммуноглобулиныг тарих эсэх талаар судалж байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан юм.
Одоогоор ямар шалтгаанаар энэ уургийг эргүүлэн татах болсон талаар албаныхан тайлбарыг өгөөгүй юм. 2500 тун иммуноглобулин уургийг эмнэлгүүдэд тараагаад байсан ч ийнхүү уг уургийг эргүүлэн татахаар болжээ.
Тус уургийг импортлох өртөг өндөр байдаг учир эмийн компаниуд, эм ханган нийлүүлэх газрууд оруулж ирдэггүй. Тиймээс 2021 оны тавдугаар сарын 12-нд Монгол Улсын Засгийн газрын 144 дүгээр тогтоолоор тус уургийг дотоод үйлдвэрлэж эхэлсэн. Тодотговол, 11 жил үйл ажиллагаа нь зогссон байсан Биобэлдмэлийн үйлдвэрийг өнгөрсөн зургаадугаар сард эргэн ажиллуулж уг бэлдмэлийг үйлдвэрлэж эхэлсэн. Ингэхдээ тогтоолын дагуу цар тахлын эсрэг биобэлдмэл, вакцин үйлдвэрлэхэд Засгийн газар 284 сая 62 мянган төгрөгийг нөөц сангаасаа төсөвлөсөн билээ. Энэ мөнгө Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Биобэлдмэлийн үйлдвэрийн уураг үйлдвэрлэх зардалд багтсан ч тэд хугацаандаа багтаж иммуноглобулиныг гаргаж чадаагүй. Учир нь дотоодын үйлдвэрлэл хүчин чадал өндөр биш, үйлдвэрлэл явуулахад 11 жил болсон тоног төхөөрөмж гацах, эвдрэх сэлбэг олдохгүй байх тохиолдол гарсантай холбоотойгоор үйлдвэрлэл саатсан зэргийг албаны хүмүүс хэлж байсан юм.