Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр КОВИД-19-ийн тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс улс орнуудын Омикрон хувилбарын халдвар хүндэрч эхэлж байна. Их Британи, АНУ-аас гадна Итали, Франц улсуудад Омикроны томоохон давлагаа эрс нэмэгдсэн. Одоогийн байдлаар Франц улсад өдөртөө 100 мянга гаруй, Италид 50 гаруй мянган тохиолдол, Их Британид 100 гаруй мянган тохиолдол, АНУ-д 150 мянга орчим тохиолдол бүртгэж байна. Лондон хотод амьдарч байгаа 20 хүн тутмын нэг нь Омикроны халдвар авсан байна. Үүнтэй холбоотойгоор 1500 орчим нислэг цуцлагдсан. Олон улсын нисэх хүчнийхэн өвдөж болон халдварын ойрын тохиолдол болж тусгаарлагдаж байгаа бол Их Британи, АНУ зэрэг орнуудын эмнэлгийн ажилчдын 20-30 хувь нь халдвар авсны улмаас ажилдаа ирэх боломжгүй гэртээ 5-7 хоногийн хугацаатай тусгаарлагдаад байна.
Бидний гол санаа зовж байгаа зүйл бол омикрон хувилбар орж ирвэл вакцины хоёр, гуравдугаар тунтай байсан ч маш олон хүн халдвар авна. Ялангуяа эрүүл мэндийн салбарынхан халдвар авсан тохиолдолд хэдийгээр хөнгөн туссан ч тусгаарлагдахаас өөр аргагүй болно. Үүний улмаас эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсэхээр байна.
Нөгөө талаасаа АНУ-д 0-5 насны хүүхдийн өвчлөл 50 хувиар нэмэгдсэн байна. Тэгэхээр манайд вакцингүй байгаа 0-11 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл омикрон давлагааны үед эрс нэмэгдэхээр байна. Эдгээр шалтгааны улмаас гадаад улсуудаас ирж байгаа хүмүүсийг гурав хоногийн тусгаарлалтад байлгаж байгаа. Бид ийм шалтгаануудын улмаас гадаадаас ирж байгаа иргэдийг гурав хоногийн тусгаарлалт хийж байгаа.
2021 оны арваннэгдүгээр сарын 26-наас хойш нийт 81 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Судан улсаас ирсэн энхийг сахиулагчдын багаас 100 гаруй тохиолдол илэрсэн. Энэ бүх хүмүүс тусгаарлагдаад хяналтад байна.
Онгоцны буудал дээр шинжилгээ авахад сөрөг гарсан хэр нь дөрөв дэх хоног дээр авсан шинжилгээгээр эерэг гарч байгаа тохиолдол зөөвөрлөгдсөн халдварын 50 хувийг эзэлж байна. Иймээс зайлшгүй тусгаарлах зөвлөмж оруулсан. Мөн гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдаад 3, 4 дэх хоног дээрээ шинжилгээ өгөх ёстой хүмүүсийн дөнгөж 30 хувь нь шинжилгээ өгсөн. Гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдах ёстой хүмүүсийн 70 хувь нь маргааш нь гадуур явж, хүмүүстэй уулзан гэртээ тусгаарлагдаагүй, шинжилгээ өгөөгүй. Тийм учраас зайлшгүй тусгаарлах зөвлөмж гаргасан.
Тухайлбал, сүүлийн хэдхэн хоногт Туркээс ирсэн 30, Тайландаас ирсэн 12 жуулчны шинжилгээний хариу эерэг гарсан. Энэ нь гадагшаа явах эрсдэлтэй байна. Тиймээс болж өгвөл гадагшаа битгий яваач гэж анхааруулж байна. Одоо Тайландад ковидийн халдвар аваад эмчлүүлж байгаа маш олон монгол жуулчид байна.
Дельта давлагааны үед хамгийн оргил үедээ Их Британид 40 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо энэ тоо 100 мянга давлаа.
Бид хил дээр хязгаарлалт тавихгүй бол нэг сарын дараа бараг 10 мянган тохиолдол бүртгэх нь. 10 мянган тохиолдлын 70 хувь нь хөнгөн, 30 хувь нь хүнд эмнэлэгт хэвтэх шаардлагатай байлаа гэхэд өдөрт 3000 хүнийг хэвтүүлж чадахгүй. Тиймээс Омикрон хувилбарын халдвар дээр зайлшгүй анхаарал болгоомжтой байх анхаарах ёстой.
-Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчдын халдвар аль хувилбар болох нь тогтоогдсон уу?
-Энхийг сахиулагч 120 хүний шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй байна. Бүгд тусгаарлалтад байгаа.