Франц улсад өнгөрсөн бямба гарагт Ковид-19-ийн халдварын тоо гурван өдөр дараалан дээд хэмжээндээ хүрчээ. Бямба гаригт 104 611 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд омикрон хувилбар дэлхий нийтийг түгшээж буй энэ үед халдварын тоо дээд цэгтээ хүрсэн нь эрх баригчдын санааг зовоож байгаа юм.
Өнөөдөр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүний Засгийн газрын гол гишүүд Ковид-19-ийн аюулгүй байдлын шинэ арга хэмжээг хэлэлцэнэ.
Францын Засгийн газар вакцин хийлгэсэн хүмүүст олгосон эрүүл мэндийн үнэмлэхийг өдөөгч тун хийлгэсэн хүмүүсийн хувьд хүчинтэй болгохоор ажиллаж байгаа аж. Уг үнэмлэх нь кафе, ресторан, олон нийтийн газар нэвтрэхэд ашиглагдаж байна.
Тус улсын зарим бүс нутгууд аюулгүй байдлын арга хэмжээгээ тус бүрдээ авч эхэлжээ. Тухайлбал, Францын зүүн өмнөд хэсэгт орших Савои мужийн албаны хүмүүс олон нийтийн газар төдийгүй гадаа ч амны хаалт зүүх журмыг дахин хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.
Цар тахал эхэлснээс хойш Францад коронавирусийн улмаас 122 546 хүн нас баржээ. Одоогийн байдлаар нийт хүн амын 76.5 хувь нь вакцины 2 тунд бүрэн хамрагдаад байгаа ч халдвар авах хүмүүсийн тоо буурахгүй байгаа нь санаа зовоосон асуудал болж буйг албаны хүмүүс онцолж байгаа юм.