Баян-өлгий аймгийн засаг дарга Д.Баурыжан нь архидан согтуурч тус аймагт үйл ажиллагаа явуулж буй хүчний гэх тодотголтой байгууллагын дарга нарт агсам тавьж, танхайрчээ. Тодруулбал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ээлжит VI хуралдаанаа хийж 2021 оны 12 дугаар сарын 02-ны 00:00 цагийн үед тарсан байна. Хурлын дараа аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Бейбитхан нар Иргэдийн хурлын төлөөлөгчдийг “MGS TOWER”-ын ресторанд оруулж, хүлээн авалт хийжээ. Угтаа бол Баян-өлгий аймаг нь Засаг дарга Д.Баурыжаны гаргасан захирамжаар ресторан, кафе нь 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа боловч ийнхүү өөрийнхөө гаргасан захирамжийг зөрчжээ. Ингээд зогсохгүй хүлээн авалт дууссаны дараа Засаг дарга Д.Бауыржан нь ЗДТГ-ын байр руу очиж, өөрийн өрөөндөө Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед нартай үргэлжлүүлэн согтууруулах ундаа хэрэглэжээ. Энэ үед Д.Баурыжан нь тэнд байсан аймгийн Зэвсэгт хүчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагын дарга нар руу агсарч “…Та нар муу сайн Монголчууд дандаа биднийг тагнаж, чагнадаг, хов жив зөөдөг, одоо та нар намайг амжихгүй шүү, бүгдээрээ зайлцгаа…” хэмээн орилж ном, үзэг, дэвтэр зэрэг зүйл шидэж, танхайрсан талаар эх сурвалж мэдээллээ. Мөн энэ үед тамгын газрын дарга Б.Мухамед нь Аймгийн Цэргийн Штабын дарга, хурандаа Ц.Нацагдоржийн гэдэс, цээж рүү нь цохиж биед нь халдсан байж болзошгүй хэмээн эх сурвалж хэллээ.
Дээрх үйл явдлыг аймгийн хууль хяналтын байгууллага мэдсээр байж шалгаж хариуцлага тооцолгүй өнөөдрийг хүргэжээ. Иргэдийн ярьж байгаагаар засаг дарга Д.Баурыжаны архидан согтуурч байгаа байдал нэг бус удаа гарч байгаа юм байна.
Эргэн сануулахад, таван сарын өмнө тус аймаг дахь Цагдаа, Онцгой байдлын газрын Монгол дарга нарыг сольж, Казах дарга нарыг уг албан тушаалд томилж байсан юм.