Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр зохион байгуулдаг 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 24-нд болж, яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн билээ. Аман хүзүүнд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу найрагч Н.Мөнхбаяр нар шалгарав.
Наадамд хот, орон нутгаас нийлсэн 144 бүтээл бүртгэгдсэнээс 25-ийг нь хоёрдугаар шатанд тэнцүүлж, тайзнаас шүлгийг нь дуудуулсан юм.
Ийнхүү “Болор цом”-ын дэд байрын шагналт, яруу найрагч Т.Бямбасүрэнгийн шүлгийг уншигч танаа хүргэе.
Сэдэв болох энэ түүхийг би
Сэхээн амьдруулахын хүндэт эмчээс сонссон юм
Ажлаа л хийж жаргадаг залуухан эмч байж
Амь тэнссэн хүсүүсийг авардаг байж
Эмнэлэгтээ л байхдаа цовоо сэргэг, цог галтай
Эргэн тойрондоо эрчим нь мэдрэгддэг хүү байж
Ганцхан ээжтэйгээ галаа тойрч аж төрдөг тэр
Гардаж эдгээсэн бүхнээ ам бүл минь гэдэг байж
Улиас навчаа гөвөөд л хатаж бутрахын чийхарсан дуутай
Урт намрын үдэш амьдрал үхлийг зааг дээрх
Амьсгал, зүрх нь зогссон хөөрхий эмэгтэй ирж
Амьдруулах гэж өчнөөн эмч, сувилагч тэмцэж
Залуу хүний гар шалмаг
Залгаа залгаа шаардлагатай бүхнийг хийж гэнэ
Цаг илүү оролдоод авралгүйтэй эвлэрч
Царай төрх бүхэнд гуниг мэлтэлзэж
Анхи шанааг нь дагаад хөлс урссан сувилагч охин
Ар гэрийнхэнд нь одоо мэдэгдэх үү гэж
Эмч залуу өөдөөс нь ч харалгүй толгой дохих
Энэ төрх урьдынхаасаа нэг л хөндий санагдаж
Хүүхэд бүрийн хайрыг татдаг буурал асрагч
Хүн ирээгүй бололтой гээд үүдэнд зогсож байж
Аниргүй эгшин лунл өнөөх эмч талийгч руу тонгойсноо
Амьдралын будантай зулайг нь өмөлзөн үнсэж
Хүүгээ уучлаарай ээжээ … гэж шивнээд л
Хүний элэг эмтрэн уйлсан гэдэг
Асрагч эмгэн л хамгаас түрүүлж ухаараад
Аяархнаар хаалгаа хаах хүртэл бусад нь ойлгоогүй гэнэ ээ