Христийн шашинтнуудын тэмдэглэдэг Зул сарын баярын нислэг коронавирусийн шинэ хувилбар омикроны тархалтаас шалтгаалан цуцлагдсан байна.
Дэлхийн улсууд шинэ хувилбарын тархалтаас сэргийлэн аюулгүй байдлаа чангатгах үүднээс хилийн хориг тогтоож эхэлсэн билээ. Итали, Испани, Грек улсууд амны хаалт дахин хэрэглэхийг үүрэг болгосон бол Каталонид нэг шөнийн дотор хөл хорио тогтоожээ.
Пүрэв гарагт Их Британи, Франц, Италид халдвар тоо дээд цэгтээ хүрсэн бол АНУ-д дельта хувилбараас оргил үеэс давж, эмнэлгүүд нь дүүрчээ.
Америкийн халдварт өвчний шилдэг мэргэжилтэн, доктор Энтони Фаучи “Зул сарын баярын аялал нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүсийн дунд ч энэ хувилбарын тархалтыг нэмэгдүүлнэ” гэж анхааруулсан.
Flight Aware вэб сайтад мэдээлснээр дэлхий даяар олон сая нислэг цуцлагдсан байна. Зул сарын баярын өмнөх өдөр (Баасан гарагт) АНУ-ын агаарын тээврийн компаниуд нислэгийн багийнхны хариу эерэг гарсан, эсвэл өөрийгөө тусгаарлахаас өөр аргагүй болсон гэхчилэн шалтгаануудын улмаас боловсон хүчний хомсдолд орсон гэж мэдэгдэв.
United Airlines-аас Omicron-ын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь "Манай нисэх багийнхан болон манай үйл ажиллагааг удирдаж буй хүмүүст шууд нөлөөлсөн" гэж мэдэгдээд, нөлөөлөлд өртсөн зорчигчдыг нисэх онгоцны буудалд ирэхээс нь өмнө холбоо барьж байна гэв.
Цагаан ордон омикрон хувилбар илэрсэнтэй холбоотойгоор Өмнөд Африк, Ботсвана, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави зэрэг орны аялагчдыг арваннэгдүгээр сарын 29-нөөс хойш хилээрээ нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.
Австралид ч окимкрон Зул сарын баярын аялалд нөлөөлж, Сидней, Мельбурнаас бусад хот руу чиглэсэн 100 гаруй дотоодын нислэгийг цуцалжээ.