Нийт 10 тэрбум долларын өртөгтэй бүтсэн Жеймс Уэбб телескоп орчлон ертөнцийг гэрэлтүүлэх анхны оддыг харуулах зорилготойгоор дэлхийгээс хөөрлөө.
Францын Гвиана дахь Куру сансрын буудлаас Ariane пуужингаар Жеймс Уэббийг тэнгэрт хөөргөсөн байна. Тус телескопын тойрог замд хүрэх нислэг нь хагас цаг хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн бөгөөд Кени улсын Малинди дахь газрын антенаар нислэгийн үр дүнг баталгаажуулсан дохиог хүлээн авчээ. Аполлон хөлгийн архитекторуудын нэгний нэрээр нэрлэгдсэн Жеймс Уэбб бол Хаббл телескопын залгамжлагч юм.
АНУ, Европ, Канадын сансрын агентлагуудтай хамтран ажилласан инженерүүд шинэ ажиглалтын төвийг болох Жеймс Уэбб телескопыг өмнөх төхөөрөмжөөс нь 100 дахин илүү хүчирхэг болгон бүтээжээ.
НАСА-ийн тусгай телевизийн тоймч Роб Навиас телескопыг дэлхийгээс хөөрөх мөчид "Халуун орны ширэнгэн ойгоос цаг хугацааны хязгаар хүртэл хөөрч, Жеймс Уэбб орчлон ертөнц “мэндэлсэн”-ээс ч өмнөх хугацаанаас аялалаа эхлүүлж байна" хэмээн тодорхойлсон юм.
Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхий даяар олон мянган хүмүүс уг төсөл дээр ажилласан бөгөөд Ariane хөлөг маш найдвартай тээврийн хэрэгсэл байсан ч Жеймс Уэббийн хувьд ямар ч баталгаа өгөх аргагүй юм.
Жеймс Уэбб дэлхийгээс 1.5 сая км зайд орших ажиглалтын станц руу чиглүүлж буй. Энэ бай руу аялах явцдаа Уэбб хөөргөхдөө авсан атираат тохиргооноосоо салгах хэрэгтэй.
Жеймс Уэббийн чадавхын гол цөм нь 6.5м өргөнтэй алтан толь юм. Энэ нь өмнөх телескоп Хаббл дээрх үндсэн цацруулагчаас бараг гурав дахин өргөн гэдгээрээ онцлогтой.
Томруулсан оптик нь дөрвөн хэт мэдрэмтгий багажтай хослон одон орон судлаачдад урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр сансар огторгуйг илүү гүн рүү нь, нэвтэрч цаг хугацааг эргэн харах боломжийг олгоно.