Ливэрпүүл багийн довтлогч асан Дэниел Старриж алдсан нохойнхоо шагналд 30 мянган ам.доллар буюу 22.4 мянган фунт стерлинг төлсөн байна.
Өдгөө Австралийн багт тоглож байгаа хөлбөмбөгчин Дэниел Старриж Лучи нэрт померан янг үүлдрийн нохойгоо 2019 онд Лос Анжелес дахь гэрээсээ алджээ. Үнэндээ нохойгоо алдсан биш түүний нохойг хулгайлсан гэдгийг Дэниел онцлоод Килла Фам хэмээх реппер залуу Лучиг нь олж өгсөн талаар сэтгүүлчдэд ярьсан байна.
Килла Фам нь үнэнээ Фостер Вашингтон Лучи олж өгсөн ч Дэниел Старриж түүнд шагнал өгөхөөс татгалзсан учир шүүхэд гомдол гаргасан аж. Лос-Анжелесийн шүүх Фостер Вашингтоны талд шийдвэр гаргасан учир нэхэмжилсэн 30 000 ам.доллараа авахаар болжээ. Шүүгч Кертис Кин хөлбөмбөгчийг ноён Вашингтонд 30 000 ам.долларын хохирол, 85 долларын нөхөн төлбөр төлөхийг тушаажээ.
Харин Дэниел Старриж "Би энэ хэрэгтэй жил гаруй зууралдлаа. Бүх юм ингэж шийдэгдсэн итгэж чадахгүй нь. Нохойг олж хараад сэтгэл амарна гэж бодсон ч тэгсэнгүй" гэжээ.
32 настай, одоо Австралийн А-лигийн Перт Глори багт тоглож байгаа Английн шигшээ багийн тоглогч ноён Старриж 2019 онд Лучи сураггүй алга болох үед Лос Анжелес дахь байшингийнх нь хаалгыг эвдлэн орж буй юүдэнтэй цамцтай гурван эрийн камерын бичлэгийг нийтлээд “Нохойнхоо төлөө хэдийг ч төлсөн бэлэн байна. 20 мянга, 30 мянга хэд ч байсан төлнө” гэсэн зар тавьсан аж. Уг зараас хойш хоёр хоногийн дараа Килла Фам гэх хаягтай эр Твиттерт Энэ Лучи мөн үү? Хэмээн жиргэж хөлбөмбөгчин эр хайртай нохойгоо олж авчээ. Харамсалтай нь нохойгоо авсан ч амласан шагналаа төлөхөөс татгалзсан нь түүний шүүхэд дуудагдах гол шалтгаан болсон ажээ.