БНХАУ-ын Худалдааны яам АНУ-ын Шинжаан бүсээс бараа, бүтээгдэхүүн импортлохыг хориглосонд "дургүйцэж, эрс эсэргүүцэж" байгаагаа илэрхийллээ. Тус яам АНУ-ын үйлдлийг "эдийн засгийн дээрэлхэл" гэж үзэж буйг тус улсын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг мэдээлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт албадан хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудлаар Хятадын Шинжаан бүсээс бараа, бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай хуульд гарын үсэг зурсан билээ.
Хятадын баруун хойд Шинжааны бүс нутагт голдуу лалын шашинтай уйгар үндэстнүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байна гэж АНУ Бээжинг буруутгаж байгаа. Тиймдээ ч Шинжаанд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох хууль баталсан юм.
Хуулинд АНУ-ын бизнес эрхлэгчид албадан хөдөлмөр хийлгээгүй нь нотлогдоогүй л бол Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглож буй. “Энэ арга хэмжээ нь Хятадын Шинжаан дахь хүний эрхийн байдлыг баримт, үнэнийг үл тоомсорлон гутаан доромжилж байна” гэж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан мэдэгдсэн.
Мөн уг хууль олон улсын эрх зүй, олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцож байгаа явдал” гэжээ.
Хятадын эрх баригчдыг уйгар иргэдийг албадан үр хөндүүлсэн, албадан хөдөлмөр эрхлүүлж, хүчирхийлж байгаа хэмээн буруутгаж байгаа бөгөөд Шинжаан дахь хуаранд нэг сая гаруй Уйгар болон бусад үндэстний цөөнх хоригдож байгааг олон орны судлаачид мэдэгддэг.
Харамсалтай нь Бээжингээс олон улсын судлаачдын мэдэгдлийг эрс эсэргүүцэж, үндэстний цөөнх бол бидний нэг хэсэг, бүх зүйлд тэгш оролцоотой байдаг, тэдний эсрэг хүчирхийлэл үйлддэггүй гээд, Хятадын дотоод асуудалд хэт оролцох хэрэггүй хэмээн анхааруулдаг юм.