
Цагдаа болон прокурорын байгууллагын хэрэг шалгах үйл ажиллагааг хангалтгүй гэж үзэж байгаа, реппер Orice буюу М.Алтан-Оргилын ээж аавыг бид Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт урилаа. Хорин жилийн турш өсгөж, хүмүүжүүлж, хүний дайтай болгосон хүүгээ алдсан тэдэнтэй бид хэргийг хаах болсон шалтгааныг яагаад шударга биш гэж үзэж байгаа талаар болон талийгаачийн тухай ярилцсан юм.
-Юуны өмнө нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа.
-Баярлалаа. Би амиа алдсан реппер М.Алтан-Оргил гэдэг хүүгийн эцэг Х.Мөнхцогт гэдэг хүн. Таван хүүхэдтэй байлаа. Одоо цэцэг шиг дөрвөн охинтой. Алтан од шигтгэчихсэн мэт алт шиг ганц хүүтэй байсан. Түүнийгээ алдсан тийм л эцэг. Зовлон бэрхшээл үзэж явсан. Гэхдээ хүүгээ алдах шиг хүнд зовлон үзсэнгүй ээ ах нь.
Би Orice-ийн ээж Т.Навчаа гэж хүн байна. Хамгийн бага маань манай талийгаач хүү. Ганц голомт залгах хүү минь байсан.
-Та бүхнээс эхлээд, цагдаа прокурорын үйл ажиллагааг шударга биш гэж үзэж байгаа шалтгааны асууя.
Ц.Мөнхцогт: Хэрэг гардаг өдөр Ц.Одонхорол гээд охины хойд аав нь өдөржингөө архи уугаад тэр охинд агсан согтуу тавьсан юм шиг байна билээ. Тэгээд миний хүүгээс туслалцаа гуйсан байх. Миний хүү чинь өөрөө дөрвөн эгчтэй, эмэгтэй хүнийг дарамталж байна гэж сонсвол, очиж туслах сэтгэл, зоригтой хүүхэд. Тэгээд л туслах гээд очсон хэрэг. Ингээд нэг тамхи татсанаар шалтаглаж, тухайн охины аав миний хүүг зодоод утсыг нь дээрэмддсэн. Миний хүү зодуулж дээрэмдүүлчхээд цагдаа дээр гүйж очсон гэсэн. Цагдаа яг очсоноос нь эхлээд л бүх юмыг хуулийн эсрэг хийсэн гэж үзэж байгаа. Цагдаа нар хүний төлөө хэзээ ч үйлчилдэггүй гэдгийг би тодорхой харсан. Тийм учраас одоо айх ичих юмгүй ярина. Яагаад гэвэл цагдаа дээр очоод өргөдөл өгөхөд мэдүүлэг авсан байгаа юм.
Тэр өргөдөл дээр Ц.Одонхоролын дуудсан шалтгааныг бичихийн хажуугаар дээрэмлүүлж зодуулснаа дурдсан байсан. Тэр өргөдлийг устгасан. Хүн зодож дээрэмдсэн согтуу нөхрийг баривчилж эрүүлжүүлэхэд хонуулах цагдаагийн үүрэг биз дээ. Үүнийг цагдаа биелүүлээгүй. Хүү маань мэдөргөдлөө өгөөд буцаж очоод л ийм байдалд хүрсэн. Хэрэв тэр охины аав тэргүүтэй гурван хүнийг барьчихсан бол миний хүү амьд байх байсан шүү дээ.
-Өргөдөл байсныг батлах гэрч байгаа юу?
Т.Навчаа: Тэр өргөдлийг нь харсан дөрвөн хүн байгаа. Хүлээж авсан цагдаа нь өөрөө хагасыг нь уншиж өгч байсан. Талыг нь уншиж байхдаа, өшөө цаашаа уншиж болохгүй юм байна. Та нар ер нь харах хэрэггүй гэсэн. Би үүн дээр үнэхээр сэтгэл дундуур явж байгаа. Хангалтгүй ажилласан гэж үзэж байна. Хэргийн газар дээр ажилласан мөрдөн байцаагч ч хангалтгүй ажилласан. Яагаад гэвэл тухайн газарт бидний сэжиглэж буй Б.Нармандахын гар утас уначихсан байсныг нь ангийнх нь хүүхэд очиж олж авчирч байгаа юм. Газар дээр ажилласан байцаагч нь олоогүй явчихсан гэсэн үг.
Ийм үндэслэлүүд байсан учраас бид мөрдөн байцаалтын явцад алга болсон өргөдлийг шаардаж байгаа юм. Миний хүүд туслаагүй тэр цагдаад арга хэмжээ авахыг ч шаардсан. Эдгээр шаардлагыг огтхон ч авч хэлэлцээгүй. Яаж ч бодсон энэ чинь ил тод болсон үйл ажиллагаа. Дээрэмдсэн, зодсон. Дараа нь тэр айлынхаа тагтнаас унасан. Ерөөсөө л тодорхой шүү дээ. Мөн Ц.Одонхорол, Б.Нармандах гэх аав охин хоёр биендээ гэрч болсон. Тэр хоёрын амаар л энэ дээрмийн хэргийг шийдчихсэн гэсэн үг. Маргааш нь миний хүү эмнэлэг дээр ухаангүй байж байхад, зодож дээрэмдсэн нөхөр гэртээ байж байгаа юм.
-Хэрэг гарсны дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудаар, тухайн охины ааваас зугтаж тагтаар бууж байхдаа унасан гэж байсан. Энэ талаар юу хэлэх вэ?
Ц.Мөнхцогт: Дөрвөн даавуу уяад тавьчихсан байдаг юм. Тэр даавуунуудаас гарын хээ, уясан, зүүгдсэн юм шүүх шинжилгээгээр нотлогдоогүй. Тэр даавуунууд дээр нэг ч суналт өгсөн даавуу байхгүй. Шүүх шинжилгээний хариу нотолгоотой. Стандарт хэмжээндээ байна гээд хариу гарсан. Үүнийг прокурор үгүйсгэчихсэн.
Т.Навчаа: Өргөдлийн тухайд дөрвөн гэрч бий гэж дээр дурдсан. Манай нөхрийн дүү, эхнэрийн хамт байсан. Мөн хүүгийн маань найз охин болон найз нь харсан. Байцаагч нь байхгүй гэж байгаа юм. Бид өргөдөл хүлээж авсан цагдаа дээр очоод уулзъя гэхэд, байхгүй, ажлаасаа гарчихсан гэдэг хариулт хэлсэн. Энэ ноцтой асуудал биз дээ.
-Талийгаачийн асуудлыг гэмт хэрэг биш гээд хаасан шүү дээ. Баримт үзүүлэв үү?
-Цагдаа нотлох баримттай ямар нэг үйлдлийг гүйцэтгэж байх ёстой. Төрийн алба, төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Хүн амины хэргийн газар оччихоод зүгээр амаар мэдүүлэг авсан гээд яриад сууж байж болохгүй. Тийм зүйлээс болоод гадны нөлөөгүй болгож байна шүү дээ. Ингээд хэлэхээр хуулийнхаа дагуу хийж байна. Хуулиндаа тэгж заасан гэдэг. Юу ч баталж чадахгүй байна прокурорын байгууллага ч тэр. Хүүгээ яг яаж өнгөрснийг би мэдэхгүй.
-Хүүгээ алдаад 540 хонолоо гээд ярьсан шүү дээ. Өдөр хоног хэрхэн өнгөрч байна вэ?
Ц.Мөнхцогт: Өдөр бүр хоолойн дээр нэг зүйл бөглөөтэй байдаг. Сэтгэлийн зовлонг хэмжих зүйл байхгүй болоод байна. Аймшигтай. Миний хүү шиг хүнлэг зан ааштай хүн ховор. Энэ олон жил амьдрахад би хүү шиг ээ эвсэг найрсаг, хүний эв олдог хүн хараагүй. Дээр нь хүсэл мөрөөдөл, том зорилготой байлаа. Ямар ч байсан миний хүү репперийг дэлхийн түвшинд ойртуулна. Gee ахтай дуу хийгээд “цөм авна аа” та бүхэн харж байгаарай гэдэг байсан. Аавынхаа тухай фэйсбүүк дээрээ, “Би энэ хүний чигчий хурууны толионд хүрэх юм сан. Аав шиг хүн болохыг мөрөөддөг” гээд бичсэн байдаг.
Т.Навчаа: Хүмүүс баяр ёслолоор инээгээд явж байхад бид хоёрын хоолой дээр нулимс зангираад, үг дуугарч чадахгүй үе зөндөө байсан. Хүү минь нэг хоёрдугаар ангид байхдаа хүүхдүүдээс ааруул асуудаг гэж байгаа юм. Тэгээд л ааруулын хэлтэрхий халааслачихсан амьсгаадаад гүйж орж ирнэ. Ээж би ангийнхаа хүүхдээс ааруул авсан. Гоё амттай. Идээд үз дээ та гээд л. Өвөр дээрээ тавьчхаад би хүүгээ эрхлүүлдэг. Хүүгээ огт том болсон гэж боддоггүй. Үнэр нь хүртэл нялхаараа. Хүү нь танд дуу дуулж өгөх үү л гэнэ. Юм гуйх, гадуур найзуудтайгаа уулзахдаа тэгдэг юм. Хошигнож чаддаг, хүний сэтгэлд үлдэхээр зан ааштай хүү байлаа.
Ц.Мөнхцогт: Сургуулийнхаа хүрэл тулга наадамд жил алдахгүй шагнал авдаг байсан. Хүүгээ мөнх амьдрах юм шиг бодоод маш их зүйлийг нь үрэгдүүлчхэж.
Бидэнд тохиосон энэ явдал бол хүний амьдралд тохиолдож болохгүй маш том гамшиг. Ийм гамшгийг аав ээжүүд үзэх ёсгүй юм байна. Бид хоёр залуу байхдаа, “Хөөрхөн алаг хүүтэй болчхоод хотоор гурвуулаа зугаалах болно” гээд дуулдаг байлаа. Хотоороо гурвуулаа зугаалсан. Одоо байхгүй.
Т.Навчаа: Бидний хүсэж мөрөөдөж байж төрүүлсэн, голомт залгах ганц хүү шүү дээ.
Манай редакцын зүгээс мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс Прокурорын ерөнхий газраас энэ асуудлын талаар тодруулахыг хэд хэдэн удаа оролдсон боловч тайлбар авч чадаагүй. Гэсэн ч энэ талаар тодруулж хүргэх болно.