УИХ-ын өчигдрийн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "УИХ-ын гишүүн Ш.Батдорж нарын энэ хуулийг дэмжиж байгаа. Санаа болоод агуулгын хувьд зөв байгаа. Гэхдээ ийм косметик засвар тодорхой үр дүнд хүргэхгүй. Өнгөрсөн парламентын үед УИХ-ын дарга захирамж гаргаад тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Бидний 5 гишүүн энэ ажлын хэсэгт ажлаад Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг өргөн барьсан. Төрийн олон тулгуурт тогтолцоотой болох хуулийг. Яг энэ хууль 2020 оны 11 дүгээр сарын 4-нд УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Тэр үед одоо наад хуулийн чинь ажлын хэсгийг Засгийн газраас орж ирэх багц хуультай нийлүүлээд байгуулаад хэлэлцээд шийднэ. Ажлын хэсэг байгуулахгүй нэгтгэж явна гэж хэлсэн. Хэзээ орж ирэх вэ гэсэн, 12 дугаар сард гэсэн. Яг одоо нэг жил нэг сарын хугацаа үдэж байгаа юм. Нэг жил хүлээсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүд өөрсдөө хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд хуулиа санаачлаад явах нь гарцаа байхгүй. Дэмжих л ёстой. Өнөөдөр тэтгэврийн сан өөрөө тэтгэвэртээ гарчихсан гэдгийг ойлгох ёстой. Нэрийн данс гээд нэг юм ярьдаг. Эрийн данс нь эзэнтэйгээ хамт үхдэг ийм нэрийн данстай болчихсон. Нэрийн дансанд хуримтлагдаж мөнгө нь нэг банкаар дамжаад хүүнээс нь дахиад мөнгө хүүлж байдаг. Гэтэл нэрийн дансанд хуримтлуулж байгаа мөнгө чинь тухайн эзний мөнгө гэдгийг ойлгодоггүй. Өнөөдөр гурван эрэгтэй хүн тутмын нэг нь тэтгэврийн насанд хүрээгүй нас барж байна. Дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврийн насанд хүрээгүй нас барж байна. Өнөөдөр нэг залуу хүн гурван хүний тэтгэврийг төлж байгаа хуваарилалтын тогтолцоо 20 жилийн дараа гэхэд нэг залуу нэг хүний тэтгэврийг төлөхөд 100 хувь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэвэр тогтоогдож эхэлнэ. Одоо бараг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 80 хувь нь тэтгэврээ бага тогтоолгож байгаа. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол бидэнд өөр гарц үлдээгүй.
2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын мөрийн хөтөлбөр, өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бий болгоно. Олон тулгууртай болгоно. Тэтгэврийн өвлүүлнэ гээд ийм зорилтыг дэвшүүлсэн. Ингэж ард түмэн биднийг сонгосон. Тиймээс бид өглөө болгон тэтгэврийн шинэчлэл хийх ёстой шүү гэж бодож сэрж байх ёстой. УИХ-ын гишүүд Засгийн газрын хуулийг хүлээж байгаад өөрсдөө бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилга гаргаад явж байгааг дэмжээд явахаас өөр гарц байхгүй.
Нийгмийн даатгалын шинэчлэлийг хийхийн тулд бид хэдэн зорилтыг дэвшүүлье. Засгийн газар хурдтай ажиллах ёстой. Хуваарилалтын тогтолцооноос хуримтлал руу шилжих ёстой. Тэгж байж өнөөдрийн тогтолцоо өөрчлөгдөнө. Бидний мөнгийг өөрсдөө хүүлдэг түүний өгөөжийг хүртдэг тогтолцоо руу шилжинэ. Хоёрт, тэтгэврийг өвлүүлдэг болох ёстой. Гуравт, олон тулгууртай болох ёстой гэдэг ийм л хэдхэн зарчим байгаа шүү дээ" гэв.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.