УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна. Чуулганы хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн“Засгийн газар хөрөнгө оруулагч талтай жил гаруй хугацаанд хэлэлцээ хийж, ажлын үр дүн гарч байгаа. Яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. Оюутолгойн түр хороо уржигдар хуралдаж, УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцсэн. Яриа хэлэлцээ цаашид үргэлжилж, өнөөдрийн үр дүнгээ баталгаажуулах ажил ид явагдаж байна” гэсэн байр суурийг илэрхийлж, тогтоолын төслийг УИХ-аар хаалттай хэлэлцэх горимын санал гаргалаа.
Түүний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.4 хувь нь дэмжсэнээр “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж байна.