Их Британийн Хатан хаан II Елизабета Зул сарын баяраар Сандрингем руу явахгүй Виндзорын шилтгээнд тэмдэглэх болно гэж Букингемийн ордны эх сурвалж мэдээлжээ.
Хатан хаан Лондоноос хойд зүгт 100 милийн зайд орших 20 мянга акр газар нутагтай Сандрингем хэмээх хөдөөний эдлэн газар руугаа жил бүр Зул сарын баяраар зочилж, баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Сүүлийн долоо хоногт Букингемийн ордон коронавирусийн улмаас урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авч, зул сарын баярын өмнөх үдийн хоолыг цуцлах зэргээр уламжлалт үйл ажиллагаануудыг цөөлж эхэлжээ.
Их Британид омикрон хувилбарын халдварын тоо огцом нэмэгдэж баасан гарагаас хойш өнөөдрийг хүртэл 100 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь цар тахал эхэлснээс хойших хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.
Энэ зул сарын баяр Хатан хааны хувьд ханхүү Филипп таалал төгссөнөөс хойш тэмдэглэх анхны баяр болох аж. Хатан хааны нөхөр, ханхүү Филипп нас өнгөрсөн дөрөвдүгээр сард 99 насандаа таалал төгссөн билээ.
Өнгөрсөн жил Англи улс коронавирусийн халдварыг таслан зогсоохын тулд баяр ёслолын арга хэмжээнүүдийг цуцалж байсан. Букингемийн ордны эх сурвалж CNN-д хэлэхдээ, Зул сарын баярын үдийн зоогонд хэтэрхий олон хүн оролцдог нь эрсдэлтэй нөхцөл үүсгэх учир цуцлахаас аргагүй болсон гэж мэдэгджээ.
Букингемийн ордон, Виндзорын шилтгээнээс ялгаатай нь Сандрингем бол Хатан хааны хувийн эзэмшлийн байшин юм. Хатан хаан Зул сарын баярын урилгыг ихэвчлэн зөвхөн ойр дотнынхондоо тараадаг ч, ханхүү Харри, Меган Марклыг үерхэж байх үед эдлэнд угтан авч байсан зэрэг онцгой тохиолдолдоо ч эдлэндээ очиж амардаг байна.