Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын төвийн дэргэдэх "Мазаалай" ариун цэврийн цаасны үйлдвэрийн түүхий эд хил хаагдсаны улмаас тасарч 75 орчим харааны бэрхшээлтэй хүмүүсийн ажил, орлого зогсоод байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд тохирсон ажил хөдөлмөр эрхлэх боломж бага байдаг учраас хөдөлгөөний дутагдалд орох, нийгэмшихгүй байх зэрэг хүндрэл гардаг гэдгийг үйлдвэрийн менежер Д.Зоригт хэлсэн юм.
Тэрбээр "Манай үйлдвэр 2020 оноос эхэлж ажиллаж байгаа. Одоо энэ жилтэй нийлээд хоёр дахь жилдээ ажиллах гэж байна. 2019 оны сүүлчээр тоног төхөөрөмжөө авсан. Хараагүй хүмүүсийн ажлын байр багассан учраас ийм ажил хийж үзье гээд хийсэн. Бид сав баглаа боодлын цех, оёдлын цех гэж ажилуулдаг. Гэхдээ яам, тамгын газруудын захиалгаар л дугтуй хийдэг. Бусдаар тогтмол биш. Тэгээд одоо энэ бол уг нь их ашигтай ажил юм шиг байгаа юм. Ариун цэврийн цаас хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ. Олон байгууллагууд ч бидэнд захиалга өгдөг байсан. Одоо энэ үйлдвэр ажиллахгүй хоёр сар гаруй болж байна. Өмнө нь хэвийн ажилладаг үедээ манай үйлдвэр өдөрт бол 2000-аас дээш, захиалга их гарсан үед 4000 ширхэг ариун цэврийн цаас үйлдвэрлэдэг. Нэг, дөрөв болон найман ширхгээр савладаг. Олноор биш тохиолдолд автомат машинаар биш өөрсдөө мэдрэмжээрээ хараагүй иргэд савладаг. Хараагүй хүмүүс чинь хөдөлгөөний дутагдал ихтэй байдаг. Чөлөөтэй явж чадахгүй учраас ажилдаа их дуртай байдаг. Тэгээд ажилгүй болчихоор гэртээ уйдаад байна гэдэг. Манайд дотооддоо түүхий эдээ үйлдвэрлэдэг ариун цэврийн цааснууд байдаг юм билээ. Гэхдээ тэр машин нь үнэтэй байдаг. Бид хэрэглэгчид чанартай юм хүрэх ёстой. Материал нь хил хаалттай байгаа учраас ирэхгүй байгаа. Одоо Эрээн дээр ирчихсэн байгаа л сураг дуулдаж байна лээ. Тэгээд одоо яг хэзээ ирэхийг нь яг сайн мэдэхгүй байна" гэлээ.
Ариун цэврийн цаасны үйлдвэрээс гадна сав баглаа боодлын цехийг ажиллуулдаг байгаа. Тэд энэ хүрээнд дугтуй хийдэг. Гэтэл түүхий эдийн хомсдолын улмаас бор дугтуй хийж чадахгүй байгаа юм.
"Энэ үйлдвэрт 31 дэх жилдээ ажиллаж байна. Одоогийн байдлаар манай үйлдвэр яам тамгын газрын бичиг хэргийн дугтуй хийдэг байгаа. Өнөөдрийн байдлаар 3000 гаруй захиалгатай. Одоо ингээд ажлаа хийж байна. Хараагүй хүмүүс чинь ийшээ тийшээ явж чадахгүй, хараатай хүнтэй адилхан ажил хөдөлмөр байхгүй. Тэгсэн ч гэсэн бид өөрсдийнхөө хэмжээнд хараагүйчүүдийнхээ үйлдвэрт ажлаа хийгээд явж болж байгаа. Бид ажилгүй болчхоод байна. Тийм учраас материалыг минь хурдан оруулж өгөөрэй гэж хүсэж байна" гэж Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвийн сав баглаа боодлын цехийн чанар шалгагч О.Өлзийтогтох хэллээ.