Нийгмийн бодлогын байнгын хорооноос "Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал" хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, П.Анужин, Б.Жаргалмаа болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яам, энэ талаар дагнан судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид оролцож угийн бичиг хөтлөлт, хүний генетик оношилгоо, лаборатори, эрх зүйн орчны талаар санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр “УИХ-ын Г.Тэмүүлэн нарын өргөн барьсан УИХ-ын тогтоол маш чухал, зайлшгүй төрийн бодлого чиглэх ёстой тогтоолын төсөл гэж бодсон учраас одоо ажлын хэсэгт өөрөө санал гаргаад орж ажиллаж байгаа. Маш чухал, олон талаас нь харж үзсэн илтгэлүүдийг сонслоо, маш их баяртай байна. Угийн бичгийг хөтлөх асуудлыг тодорхой хэмжээнд сурталчилсан гэж байна. Өнөөдөр манай залуучууд нэлээн цахимжсан байгаа учраас аппликейшн, вэб сайт хөгжүүлэх гэх мэтчилэн энэ тал руугаа ажиллах шаардлагатай юм болов уу гэж бодлоо. Энэ угийн бичгийг хөтлөх асуудлыг жишээлбэл, төрийн албан хаагч төрийн албанд ажилд орох гэж байгаа бол үүнийг болох хэмжээгээр нь шаардаж, болж өгвөл есөн үе, болохгүй бол хэдэн үе хүрэх нь үү тэр болтол нь хөтлүүлээд тэрийг анкетад нь авдаг ч юм уу. Гэрлэх үед заавал хоёр талаас нь хөтлүүлж авах. Мөн одоо аливаа улс төрийн үйл ажиллагаанд нэр дэвших гэж байгаа үед нь хөтлүүлж авах иймэрхүү байдлаар бид шаардлага тавивал хүмүүс хөтлөөд эхлэх юм болов уу гэж бодож байна.
Төрийн албанд одоо маш олон хүн ажиллаж байгаа. Мөн улс төрийн албан тушаал маш олон хүн хашиж байгаа. Магадгүй их сургуульд ороход нь их сургуулиас тодорхой хэмжээгээр ингээд шаардаад эхлэх юм бол нэлээн хэвших байх.
Сая бас эрүүл мэндийн болон одоо хорт хавдраар өвчилж байгаа гэх мэтчилэн асуудлууд ярилаа. Тэгэхээр бид нийгмийн эрүүл мэндийн асуудлыг өвдсөн хойно биш өвдөхөөс өмнө асуудлыг судалж үзмээр байгаа юм.
Миний сүүлийн үед нэлээн ярьж байгаа юм бол манай барилгын материал дотор хорт хавдар үүсгэдэг формальдегид, бензол гэдэг хоёр материал Монгол Улсад зөвхөн хэрэглэгдээд байгаа. Манай барилгын салбарын бизнес эрхлэгчид хятадаас хорт хавдар үүсгэдэг орц бүхий барилгын материалыг оруулж ирж байна. Хүн чинь дотоод орчинд амьдралынхаа 95 хувийг зарцуулдаг. Эргэн тойрондоо хорт хавдар үүсгэдэг юмаар байшингаа засчихсан, барьчихсан, эсвэл тавилга паркетан шалны наалт гээд энэ бүх юманд орчихсон байгаа. Энэ нь ямар бодлого яваад байгаа юм бүү мэд. Зөвхөн Монгол Улсад зориулж тэр нь үйлдвэрлэгддэг. Тэрийг нь манайхан оруулж ирээд жил болгон сургуулиа, эмнэлгээ засаж, тийм байшинд амьдарч байгаа байхгүй юу. Тэгээд энэ хорт хавдрын өвчлөл өндөр байгаа юм. Тийм учраас энэ барилгын стандартаа евро стандарт болгоод, гааль дээр орж ирж байгаа барилгын материал дээр хяналтын лабораториуд бий болгооч гээд БХБ-ын сайдтай яриад байгаа.
Хүнсний асуудлыг Б.Одгэрэл судлаач ярьж байна. Хүнсний аюулгүй байдал ерөөсөө хангагдахгүй байгаа. Бид малдаа тарьж байгаа вакцинаас авахуулаад төмс, хүнсний ногоо тарьж байгаа бордоо пестицид энэ бүх юм нь хорт хавдар үүсгээд байгаа. Малынхаа сүү, саалийг хийж байгаа сав, гялгар уут гээд. Тэгэхээр энэ хэрэглээгээ бид нэлээн хянах хэрэгтэй. Монголчуудын генд хавдрын эс их орж ирээд байна шүү дээ. Тэгэхээр үүнд асуудлаа чиглүүлэх ёстой. Бас хүнсний зохисгүй буруу хэрэглээ, архины, тамхины хэрэглээ гэх мэтчилэн. Электрон тамхины асуудал УИХ дээр яригдаж байгаа. Тэгэхээр нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх асуудлууддаа илүү анхаарч, бодлогоо чиглүүлж байж хүмүүсийн хорт хавдрын өвчлөл нь буурах байх гэж бодож байна.
Энэ тогтоолын төсөлд сум хоорондын хүн амын одоо шилжилт хөдөлгөөнийг дэмжих ёстой гээд. Үүнийг боловсролын болон төрийн албаны бодлогоор нэлээн чиглүүлж өгмөөр байгаа юм. Бүх сумын сургуулийг 12 жил болгосон. Үүнээс болоод сумын хүүхэд сумаасаа гарахгүй, 10 дугаар ангиасаа эхнэртэй болоод л тэндээ цус ойртолт яваад байгаа юм. Өмнө сум дундын ахлах сургууль, аймгийн төв дээрээ очиж тэнд хольдог байсан. Тэгэхээр энэ тогтолцоо мөн төрийн албан хаагчдыг заавал орон нутгаас ажлыг нь эхлүүлэх ёстой гэж бодож байгаа юм" гэв.