Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцлээ.
Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.
Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Энэ талаар түүний өмгөөлөгч Н.Данзанноров, “Н.Түвшинбаярын тухайд гэм бухуугийн асуудалд маргаагүй. Тодорхой хэмжээнд гарсан хохирлыг төлж байгаа. Нийт гурван тэрбумын хохирлыг нөхөн төлсөн. Цаашдаа ч гарах хохирлыг төлөх ёстой. Үүнийгээ өөрөө ойлгож гэмшиж байгаа. Хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа. Н.Түвшинбаяр маш их харамсаж байгаа. Олон нийтийн зүгээс зарим мэдээлэлд шүүлтүүртэй хандаасай гэж хүсэж байна. хэргийн газар байсан бүх хүнээс тайлбар мэдээлэл авсан” гэлээ.