БНХАУ-ын Шиань хотод коронавирусийн цар тахлын улмаас хөл хорио тогтоожээ. Учир нь Өвлийн олимп зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажил хийгдэж байгаа үед коронавирусийн тохиолдол нэмэгдсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.
Мужийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын албан тушаалтнууд бүх оршин суугчдад гадаа гарах зайлшгүй шалтгаан байхгүй бол гэртээ үлдэхийг тушааж, онцгой тохиолдлоос бусдаар хот руу болон хотоос гарах бүх тээврийн хэрэгслийг түр зогсоосон гэж мэдээллээ.
Хөл хорионы хугацаанд өрх бүрээс нэг хүн, өнжөөд буюу хоёр өдөрт нэг удаа хүнс, гэр ахуйн хэрэгцээний зүйл худалдаж авахыг зөвшөөрнө. Хөл хорио өчигдөр буюу лхагва гарагийн шөнө дундаас хүчин төгөлдөр эхэлж, хэзээ дуусах нь тодорхойгүй байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа бүтээгдэхүүний хомсдолд орно гэж айх зүйлгүй, засгийн газраас хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний хангамжийг пүрэв гарагт хүргэнэ гэдгийг онцгойлон дурджээ.
Шиань хотод өнгөрсөн 24 цагийн дотор орон нутагт халдвар авсан 63 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн халдварын тоог 211-д хүргэсэн байна. Шиань бол эзэнт гүрний дурсгалт газруудаараа алдартай Шэньси мужийн төв төдийгүй аж үйлдвэрт томоохон байр суурьтай хот юм.
Бээжин мөн Шанхайн ойролцоох зүүн Жэжян мужийн хэд хэдэн хотод коронавирусын томоохон дэгдэлттэй тэмцэж байгаа ч тусгаарлах арга хэмжээнд илүү анхаарч, хөл хорионы дэглэм тогтоогоогүй.
Хятад улс тахлын эсрэг хатуу арга хэмжээ авч, шинэ халдварыг тэг болгохыг эрмэлзэж байгааг ойр ойрхон тавьж буй хэсэгчилсэн хөл хорионы дэглэмээс харж болно. Цар тахлын үед авсан онцгой хатуу хөл хорио болон бусад хязгаарлалт нь аялал жуулчлал, худалдааны томоохон хямралд хүргэснээс өөр “амжилт” үзүүлээгүй билээ.
Ирэх жилийн Хоёрдугаар сарын 4-нд Бээжингийн өвлийн олимп эхлэх учир коронавирусын халдварын тархалтыг хумих, ямар ч халдваргүй болгох үүднээс сүүлийн үед эрчимжүүлсэн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.
2019 оны сүүлээр коронавирусын анх тохиолдол илэрсэний дараа Хятад улс 2020 онд Ухань хотын төв болон түүний эргэн тойронд 11 сая гаруй хүнд хөл хорионы дэглэм тогтоож байсан бол энэ удаа Шианьд тогтоож буй хөл хорио түүнээс ч олон хүнийг хамарсан нэн хатуу хорио болж байна.