Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, Дотоодын сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг, Нарийн бичгийн дарга А.Цэрэнбат нар өнөөдөр 4:11 ээлжит мэдээллээ хийлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ “Нэгдүгээрт, “Нээлттэй микрофон” буюу “Чөлөөт индэр”-ийг ажиллуулах асуудлыг АН-аас эхлүүлсэн. Сүүлийн үед хүний эрхийн асуудлыг онцгойлж үзэж байгаа. Энэ асуудалтай холбоотой “Нээлттэй микрофон” буюу бодит хүний эрхийг хэрэгжүүлсэн үйл ажиллагааг АН-ын зүгээс эхлүүлье гэсэн зорилгоор энэ ажлыг эхлүүлж байгаа.
Хоёрдугаарт, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг өдрийг санаачилснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ өдөр батлагдаад бүх нийтийн амралтын өдөр болсон. Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, тэр үйл хэргийн үр дүнд улс орон маань харийн дарангуйллаас чөлөөлөгдөж, тусгаар тогтнолоо зарлаж байсан. Тэр түүхэн үйл явдлыг цаашдаа залуу хойч үедээ зөв зүйтэй талаас нь ойлгуулах ёстой. Тусгаар тогтнолын өдөр болох үйл явдлын талаар АН мэдээлэл хийе гэж байгаа.
Гуравдугаарт, АН-тай холбоотой даргын бүртгэлтэй холбоотой асуудал яригдсан. Энэ асуудлаар мэдээлэл өгье.
Ардчилсан намын дарга гэж өөрийгөө өргөмжилсөн хэсэг бүлэг хүмүүсийн өргөн мэдүүлсэн О.Цогтгэрэлийн материалыг Улсын дээд шүүх гурав хоногийн өмнө хэлэлцээд бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэрээс болж Ардчилсан нам ямар нэгэн байдлаар хуваагдаагүй. Бид нэг л бүртгэлтэй. Улсын дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сард гарсан тогтоол шийдвэр хэвээрээ байгаа. Цаашид эрх зүйн чадамжгүй этгээдүүд Ардчилсан намын нэрийг барьж, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. Бидэнд дотоод дүрэм журамд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу намын даргын сунгааг зохион байгуулж, Улсын дээд шүүхэд гурван удаа хүргүүлсэн. Улсын дээд шүүхээс Улс төрийн намын тухай хуулийн 13.9 дэх заалт бусад холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчиж, хууль бус тайлбаруудыг ирүүлж байсан. Ингэхдээ "Танай намын дотоод маргаан шийдэгдээгүй тул бүртгэх боломжгүй" гэсэн. Гэтэл тухайн байгууллага улсын бүртгэлийн байгууллагын үүргийг гүйцэтгэдэг шүү дээ. Ардчилсан намын дотоод асуудалд хяналт тавьж байгаа нь буруу юм.
Хууль ёсны бүртгэлтэй Ардчилсан намыг төлөөлж буй албан ёсны дарга нь С.Эрдэнэ. Энэ бүртгэл өнөөдөр ч хэвээрээ байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр миний нэр бий. Би угаасаа бүртгэлтэй учраас өөрийнхөө нэрийг дахиад яаж бүртгүүлэх юм бэ. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр 2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улсын дээд шүүхийн Тамгын газрын цахим вэб сайтад байдаг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэснийг арилгаж, даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэж бичсэн.
Энэ бичилтийг яагаад өөрчилсөн талаар Сахилгын хороонд гомдол гаргасан. Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус үйлдэл хийсэн гэж дүгнэсэн. Тэгсэн Х.Сонинбаяр өөрөө хууль зөрчөөгүй гээд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Түүний гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн. Шүүгч Х.Сонинбаяр хяналтын шатны шүүхэд дахиад хандсан ч гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд С.Эрдэнийг цахим хуудаст бичих болоход "Намын дотоод асуудлаа шийдвэрлэх ёстой" гэсэн. Тухайн үед нэгдүгээр сард болсон Улсын дээд шүүхийн шүүх хурлыг шүүгч Х.Сонинбаяр нь даргалсан. Бид шүүхийн шийдвэр ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн боловч авч хэлэлцээгүй" гэв.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг “АН-аас сөрөг хүчний хувьд зохион байгуулж байгаа “Нээлттэй микрофон” цуглааныг энэ сарын 22-30-ныг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн. Өчигдрөөс эхэлж өдөр болгон С.Зориг агсны хөшөөн дээр “Нээлттэй микрофон”-ыг 15:00 цагаас хийж байгаа.
- 22-нд бид ЖДҮ-тэй холбоотой асуудлыг хөндөж ярьсан.
- 23-нд “Үг хэлэх эрх чөлөө”-ний сэдвээр ярина.
- 24-нд “Double Standard” сэдвээр,
- 25-нд “Хэлмэгдүүлэлт” сэдвээр,
- 26-нд “Хүний эрх, эрх чөлөөний тухай” сэдвээр,
- 27-нд “Эмэгтэйчүүд жендерийн эрх”-ийн асуудлаар,
- 28-нд “Free Э.Бат-Үүл” Э.Бат-Үүл хоригдсон талаар,
- 29-нд Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулсан арга хэмжээ,
- 30-нд “Хүний эрх”-ийн талаар нээлттэй сонсгол явна.
“Double Standard” эрх баригчдаас болж байгаа. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг зургаан удаа хойшилж, дэлхийд байхгүй жишиг манайд явж байгаа. 143 тэрбум төгрөгийн асуудал дээр зургаан удаа хойшилж яваа хирнээ зарим хэргийг нүд ирмэхийн зуур шийддэг. Энэ байдлыг таслан зогсоохын төлөө та бүхнийг “Нээлттэй микрофон”-ыг ашиглаж үзэл бодлоо илэрхийлэхийг хүсэж байна" гэлээ.