Мьянмарт хаш чулуу олборлодог уурхайд хөрсний гулгалт үүсч уурхайд ажиллаж байсан 100 орчим хүн сураггүй алга болоод байна.
Аврах багийнхан ойролцоох нууранд хүмүүсийг эрэн хайж байгаа бөгөөд алга болсон хүмүүсийн ихэнх нь хууль бусаар олборлогчид байсан гэж таамаглаж байна.
Хөрсний гулгалт лхагва гарагт орон нутгийн цагаар үүрийн 04:00 цагт хойд Качин мужийн Хпакант дүүрэгт болжээ. Мьянмар нь дэлхийн хаш чулууны хамгийн том эх ордтой бөгөөд олон тооны жижиг уурхайд олборлолт хийгддэг. Олборлолт хийгчдийн дийлэнх нь хууль бусаар ухдаг, осолд олонтаа ордог аж.
Ачааны машинаас ил уурхай руу хаясан нуранги халиснаас болж хөрсний гулгалт үүссэн гэсэн дүгнэлт гарчээ. Хөрсний нуранги болсны дараа Хпакант дүүргийн ойролцоох Лоне Хин хотоос 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын аврах багийнхан ирж эрэн хайх ажиллагаанд туслаж байна.
Аврах багийн гишүүн Ко Ни "Бид шархадсан 25 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд нэг цогцос олсон” гэж мэдэгдсэн байна. Хпакант хотод хаш олборлохыг хориглодог ч нутгийн иргэд цар тахлаас үүдэлтэйгээр хөдөлмөр эрхлэх боломж хомсдсон учраас хулгайгаар олборлолт хийх болжээ.
Хэдхэн хоногийн өмнө Хпакант дахь хаш чулууны уурхайд мөн л хөрсний гулгалт болж 10 уурхайчин сураггүй алга болсон.
Мьянмарын эрх баригчид 2018 онд эрдэнийн чулуу олборлох тухай шинэ хууль батлагдсан ч хууль бусаар олборлолт хийхийг таслан зогсооход хязгаарлагдмал эрх мэдэлтэй хэт цөөхөн байцаагчтайн улмаас хяналт тавихад хүндрэлтэй байдаг.
Мьянмарын хаш чулууны худалдаа жилд 30 тэрбум ам.доллар буюу 24 тэрбум фунт стерлингээр хэмжигдэхүйц томоохон салбар юм.