“Бизнес Өрөг” нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр оролцсон Coinsea бирж, NFT Mongolia ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Тулгаа нэвтрүүлгийн үеэр аавтайгаа монгол гэрийг хагас автоматжуулан суудлын тэрэгний тээшинд багтаан гэр бүлийн бизнес эрхэлж байсан үеийнхээ талаар ярилаа.
-Монгол гэрийг хэрхэн хөгжүүлж экспортолж байгаа вэ?
-2006 онд аавтайгаа нийлээд аяны гэр гээд эвхэгддэг, машины багажид багтдаг гэр үйлдвэрлэж эхэлж байсан. Суудлын тэрэгний багажид Монгол уламжлалт гэрийг эвхээд, багтаагаад явдаг.
-Гэр юм уу, майхан биш?
-Тийм. Майхан биш. Яг модон эвхэгддэг гэр. "Шарк танк"-д оръё гэж бодож байсан. Гурван дугаар алгаслаа.
-Сонсож байсан ч юм шиг санагдаад. "Шарк танк"-д орж байгаагүй билүү?
-Бид 2006 онд патентаа авсан гэхээр одоо 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Би багаасаа санхүүгийн сонирхолтой байсан. Сургуулиа төгсөх хүртлээ мужаанаар ажилладаг байсан. Тэнд менежер, мужаан гээд л.
-Мужаан хийнэ гэхээр өөрөө гараараа зорж хийнэ биз дээ?
-Тийм. Аавтайгаа хамт мужаан хийж эхэлж байсан. Яг шахалтад орж байсан үе маань 2013 онд төгсөөд, би компаниа авч явах уу эсвэл өөрөө мэргэжлээрээ ажиллах уу гэдэг сонголт ирж байсан. Энэ сонголтыг би юу гэж шийдсэн бэ гэвэл энэ бол манай гэр бүлийн үнэт зүйл. Үүнийг аав ээж маань аваад явж болно. Би бол мэргэжлээрээ ажиллаад, түүгээрээ дамжуулж сурч, мэдсэнээрээ буцаагаад энэ талдаа үнэ цэн өгч болох юм байна гэдэгт надад яг шахалт ирж байсан. Одоо яг яах гээд байна вэ гэдэгт. Нөгөө бизнесээ аваад явах уу эсвэл би цаашаа карьерээ хөөх үү. Үүнд би өөрөө сурч боловсоръё. Их сургуульд сурсан зүйлээрээ компани удирдаад явна гэж байхгүй. Би өөрөө боловсоръё гэж сонголт хийж салж байсан үе санаанд орж байна.
-Дотооддоо л зардаг уу?
-Гадагшаа 50 хувь экспорт, дотооддоо 50 хувь.
-Хаашаа их авах уу?
-Хамгийн сайн авдаг нь Япон. Америкт Амазон дээр тавигдсан зарагддаг. Герман руу бас нэлээн их явдаг. Япон Монгол их ойр болохоор Японд байгаа Монголчууд, Солонгост байгаа Монголчууд их авдаг.
-Аяны зориулалттай гэсэн үг үү?
-Тийм. Аяны зориулалттай. Рашаан сувилалд явахад майхны оронд хэрэглэх.
-Барихад амархан уу?
-Тийм. 15 минутад барина. Буцаагаад 15 минутад хураачихна. Жижиг тэрэгний багажид багтах.
-Монгол гэрт байдаг модон уньгүй гэсэн үг үү?
-Монгол гэрт байдаг бүх зүйл байгаа. Бүгд эвхэгддэг.
-Монгол гэрийг уг нь гаднынхан их сонирхдог юм байна. Хэлбэр хийц нь сонин гээд. Түүнийг харин арай өөр байдлаар инновацлаг болгоод гаргавал. Түүний нэг хувилбар л юм байна.
-Бид одоо ажиллаж байгаа.
-Одоо тэгээд яаж хөгжсөн бэ. Хамгийн сүүлийн байдлаар?
-Монгол инженерийнхээ ухаанаар хагас автомат болоод сайжруулаад оруулж байгаа. Бүтээгдэхүүний чанар ч гаднын улсууд руу экспортлоход асуудалгүй болсон. Өмнө нь бол Монгол гэрийг гадагшаа экспортлоход малын гаралтай бүтээгдэхүүн ордог учраас экспорт нь нэлээн асуудал үүсдэг байсан. Түүнийг хүртэл шийдээд гаднын экспортод бүрэн боломжтой болгоод хийгээд явж байгаа.