Реппер “Orice” буюу М.Алтан-Оргил 2020 оны долдугаар сард өндрөөс унаж, эмчилгээ хийлгэх явцдаа амиа алдсан. Талийгаачийн ар гэрийн зүгээс хүүгийнх нь амиа алдсан шалтгааныг “гаднын нөлөөтэй” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байсан юм. Харин энэ сарын 22-нд буюу өчигдөр түүний ээж Т.Навчаа, хэргийг хаах шийдвэр гарсантай холбогдуулж, эсэргүүцэж буйгаа илэрхийлэн мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, “Миний хүү Монгол улсын иргэн хүн байсан шүү дээ. Шороон доор булагдчихаараа Монгол Улсын хууль үйлчлэхээ байчихдаг юм уу. Ийм ноцтой хүн амины хэргийг хаах болсон шалтгааныг ойлгохгүй байна. Эх хүний хувьд би тун их харамсаж байна. Хүний амь гэдэг хөлсний алчуураас долоон доор болчихсон байна. Хорьхон настай сайхан хүүгээ алдаад 540 хонолоо. Энэ хугацаанд манай гэр бүлийнхэн ямар байдалтай байгааг хэн ч мэдэхгүй. Хүүгийн маань аав хэрэг хаасан талаар сонсоод бие нь муудсан” гэж ярилаа.
Бид талийгаач М.Алтан-Оргилын эгч М.Алтаннавчаас хэргийн талаар зарим зүйлийг тодруулсан юм. Хэрэг гардаг өдөр талийгаач М.Алтан-Оргил студи дээрээ дуугаа бичүүлж байсан. Энэ үед Ц.Одонхорол гэх эмэгтэй видео дуудлага хийх гэж байн байн залгаж байсан талаар тухайн үед хамт байсан найз нөхөд нь хэлжээ. Ингээд талийгаач дуудлагыг авч, түүнтэй уулзахаар гарсан байна. Талийгаачийн найз нөхдийн мэдээлснээр, “Ц.Одонхорол гэх эмэгтэй утсаар ярихдаа чухал зүйл хэлсэн байх. Яарсан байдалтай гарсан” гэж ярьжээ.
Талийгаач М.Алтан-Оргилын ар гэрийнхэн тухайн охиныг танихгүй. Танил төдий охин байх гэж байлаа. Хэрэг гарсны дараа Ц.Одонхорол фэйсбүүк, инстаграммын хаягаа устгасан байна.
Түүнчлэн Ц.Одонхоролыг зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд талийгаачийн найз охин гэж андуу ташаа мэдээлэл гаргаж байна. Тэрбээр н.Солонго гэх эмэгтэйтэй үерхэж байсан талаар хэллээ.
“Гэмт хэргийн шинжгүй” гэж хаагдсан уг шийдвэрийг эсэргүүцэх болсон шалтгаан нь, мөрдөн байцаалтын явцад, талийгаачийн амьд ахуйдаа гаргаж байсан өргөдөл алга болсонтой холбоотой. Тэрбээр тухайн өргөдөлдөө, Ц.Одонхоролын аав болох Б.Нармандахад дээрэмдүүлсэн, зодуулсан талаараа бичсэн аж. Тодруулбал Б.Нармандах нь түүнийг толгойгоор нь мөргүүлж, хоолойг нь боосон. Түүгээр зогсохгүй iphone 6 гар утсыг нь дээрэмдсэн гэх агуулга бүхий өргөдөл байжээ. Мөн Ц.Одонхоролын аав гэх Б.Нармандах нь түүний хойд эцэг гэх мэдээллийг талийгаачийн эгч М.Алтаннавч өглөө. Зодуулж, дээрэмдүүлж байсан хүнийхээ гэрийн тагтнаас унаж, улмаар амиа алдсан нь хэний ч хар ухаанаар бодсон энгийн зүйл биш. Хэрэг хаагдсан шийдвэрийг түүний ар гэрийнхэн шударга бус үйлдэл хэмээн үзэж буй. Энэ талаар талийгаачийн эгч М.Алтаннавч,
“Монголын цагдаа болон прокурорын байгууллага яаж ажиллаж буйг харлаа. Хэлэх үг олдохгүй байна. Бүтэн жил хагасын хугацаанд прокурор, байцаагч дамжиж явсаар дүүгийн минь учир битүүлгээр амь хохирсон хэргийг хаалаа. Энэ хугацаанд 60 гарсан эцэг эх хоёр минь, өдөр бүр шар махтайгаа хатаж, хүүгээ зүүдэлж, санаж бэтгэрсээр өдөр хоногийг өнгөрөөсөн. Аав маань зүрхний мэс засалд 4 удаа орсон. Энэ үйл явдал түүнд маш хүнд тусаж байгаа. Миний хувьд тусдаа амьдардаг байсан ч дүүгээ алдсанаас хойш аав ээжийнхээ хажууд байгаа.
Дүүг минь зодсон нь үнэн, утсыг нь дээрэмдсэн нь үнэн шүү дээ. Яаж ч бодсон яагаад хэргийг хааж байгааг ойлгохгүй, тархи толгой хүлээж авахгүй байна. Бүх шийдвэр нь хуулийн дагуу гэх юм. Монгол улс үхсэний хохь, амьдын зол гэдэг хуультай юм байна. Маш их гомдолтой байна” гэлээ.
Бид энэ асуудлын талаар прокурорын ерөнхий газраас тодруулж уншигч танд хүргэх болно.