Лондонгийн шүүгч Шейх Мохаммед бин Рашид Аль Мактумд салсан эхнэр, гүнж Хаяа Бинт Аль Хуссейнд гэр бүл цуцлуулсны нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ.
Дубайн захирагч өөрийн эхнэр, хүүхдүүддээ 554 сая фунт стерлинг буюу 734 сая ам.долларын нөхөн олговор олгохоор болсон нь Их Британийн гэр бүлийн шүүхийн түүхэнд байгаагүй хамгийн том нөхөн олговор болж байна.
Лондонгийн шүүгч Шейх Мохаммед бин Рашид Аль Мактумыг нөхөн олговрыг гурван сарын дотор төлөхийг үүрэг болгожээ. Уг нөхөн олговроос гадна хүүхдүүдээ боловсрол эзэмшиж байх хугацаанд нь жил бүр ойролцоогоор 11 сая фунт стерлингийн төлбөр төлөх ёстой бөгөөд энэ нь 290 сая фунт стерлингийн банкны баталгаагаар баталгаажих аж. Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум хүүхдүүдийнхээ бүх зардлыг төлдөг гэж мэдүүлсэн бол Хаяа гүнжийн өмгөөлөгчид энэ талаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан аж.
Алдар хүндтэй, хөрөнгө чинээ ихтэй гэр бүлүүд Лондонгийн гэр бүлийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, нөхөн олговор авах, хөрөнгөө хуваадаг бичигдээгүй хууль бий болоод олон арван жил болсон. Тэдний нэг нь Дубайн захирагчийн гэр бүлийн маргаан болж, ийнхүү хамгийн өндөр дүнтэй нөхөн олговор бүхий хэрэг болон бичигдэж байна.
Дубайн захирагч шейх Мохаммед бин Рашид Аль Мактум, гүнж Хаяа Бинт Аль Хуссейний гэр бүл цуцлуулахтай холбоотой гомдол Лондонгийн шүүхэд ирсэн бөгөөд гүнж Хаяа шейхийн дарамт, шахалт, гэр бүлээ цуцлуулах асуудалд нь нөлөөлөхөөс сэргийлэн хамгаалалт авсан учир шүүх хуралдаанд өмгөөлөгчдөөрөө дамжуулан оролцжээ.
Гүнж Хаяа өндөр дүнтэй нэхэмжлэл гаргасан нь дорнын баячуудын тансаг хэрэглээг гайхуулсан явдал боллоо гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа юм. Ингэж шүүмжлүүлэхэд хүргэсэн шалтгаан нь гүнж Хаяа, хүүхдүүдэд нь аялахдаа хувийн онгоц түрээслэхэд зориулж жил бүр 5 сая гаруй фунт стерлинг, адуу болон бусад тэжээвэр амьтдыг арчлахад жил бүр 300 мянган фунт стерлинг, хүүхдүүдэд зориулагдсан үсэрдэг тавцан буюу трамплин суурилуулахад зориулж 39 мянган фунт стерлинг гэхчилэн заасан зардлын жагсаалт байлаа.