Ковидын улмаас ажилгүйдлийн түвшин өсөж, үүнийг дагаад биеэ үнэлэлт ихсэх болжээ. Бид фэйсбүүкд тавигдсан, санхүү авна гэх хэд хэдэн дугаартай холбогдож үзлээ. Тэдний дийлэнх нь оюутан байх ба хүүхэдтэй эмэгтэй ч байна. Энэ үйлдэл нь тухайн биеэ үнэлэгчийг бэлгийн мөлжлөгийн хохирогч болох үндэс суурь нь болдог. Тухайлбал 2019 онд Эрүүгийн цагдаагийн албанаас бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 4 бүлэг этгээдийг барьж, тухайн хэргийг таслан зогсоосон байдаг. Өөрөөр хэлбэл дуудлагаар биеэ худалддаг эмэгтэйчүүдийг, санхүү өгнө нэрийдлээр дуудаж, бүлэглэн хүчиндэх, бусармаг үйлдлүүдээ бичлэг болгон хадгалж эргүүлээд охидыг сүрдүүлж байсан юм.
- Бидний холбогдсон эхний эмэгтэйн хувьд нас 23, их сургуулийн оюутан. Тэрбээр нэг цагийн 120 мянган төгрөгөөр биеэ үнэлдэг. Харин хоногийн 500 мянган төгрөг. Түүний цаана, өөрөөр хэлбэл найзууд гэх 2-3 охин байдаг нь утсаар ярьж байх хооронд анзаарагдсан юм. Нэг хүний ард гурван биеэ үнэлэгч байна гэсэн үг. Энэ хэмжээгээр гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй охидын тоо далд оршиж буй.
- Удаах нь цагийн 80 мянга, хоногийн 250 мянгаар биеэ худалддаг. 35 настай гэх энэ эмэгтэй бол эх хүн.
- Дараагийн эмэгтэйн хувьд мөн л оюутан. Манай редакцийн ажилтан түүнээс, “Дөрвөн залуу байна. Чи ганцаараа юм уу?” гэж асуухад, нэг найзтайгаа байна. Хоёулаа очоод уулзаж болно гэж байв. Тэд нэг цагийн 120 мянга, нэг удаагийн 60 мянгаар биеэ үнэлдэг. Хоёулаа нийлээд 700 мянга гэж байлаа. 23-24 насны эдгээр охид үйлчилгээгээ үзүүлсний дараа тооцоогоо авахаа хэлэв.
- Уулзах газар хаана ч байсан яах вэ. Та өөрөө буудлын өрөөгөө авахад болно гээд шуудхан хэлсэн охины нас 21. Мөн л оюутан цагийн 80 мянгаар биеэ үнэлдэг. Хоногоор явах завгүй. 00:00 цагаас хойш болно гэв.
Амар хялбар аргаар мөнгө олохыг буруутгах аргагүй. Үүнийг хуулиар зохицуулах нөхцөл нь ч манай нийгэмд байхгүй. Гэсэн ч эдгээр охид хайхрамжгүй, зөв биш сонголтынхоо үр дүнд хэзээ ч марташгүй хар толботой үлдэх, аймшигт гэмт хэргийн золиос болох аюултай. Хохирогч болчихсон тохиолдолд биеэ үнэлэгчдийг хамгаалах, өмөөрөх нэгэн байхгүй.
Бид энэхүү мэдээллээр биеэ үнэлэгчдийг буруутгах гээгүйг дахин хэлье. Тэдэнд учирч болох эрсдэлийг анхааруулахыг зорилоо.
Бусдын биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох нь хүн худалдаалах гэмт хэрэгт тооцдог. Хүн худалдаалах гэмт хэрэг нь тухайн хүнд хүч хэрэглэх, заналхийлэх, хулгайлах, хууран мэхлэх, эмзэг байдлыг нь далимдуулах зэрэг аргаар үйлдэгддэг. Ял шийтгэлийн тухайд, хоёр жилээс хорин жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр заасан байна.
Өнгөрсөн 2020 он болон энэ оны эхний хагас жилд Нийслэлийн прокурорын газраас Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаанд нь хяналт тавьж ажилласан. Үүнээс таван хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг харьяалах шүүхэд шилжүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Сүүлийн хоёр жилд үйлдэгдсэн гэмт хэргүүдээс харахад бэлгийн болон албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор үйлдсэн хэрэг ихэвчлэн гарсан байна. Бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдсэн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд их өртдөг. Жишээ нь, прокурорын газраас хяналт тавьсан энэ төрлийн хэргийн хохирогчдын 30 хувь нь 14-17 насны, 70 хувь нь 18-30 насны охид эмэгтэйчүүд байгаа юм. Боловсролоор нь авч үзвэл 45 хувь нь бага болон бүрэн бус дунд, 40 хувь нь бүрэн дунд, 15 хувь нь дээд боловсролтой байна. Энэ гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 50 хувь нь 18-30 насны хүмүүс байгаа бол бусад нь 30-аас дээш насны хүмүүс байна. Түүнчлэн нэг зүйл анхаарал татаж байгаа нь хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдогчдын 75 хувь нь эмэгтэй хүн байгаа юм.
Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс ихэвчлэн санхүүгийн хувьд чадамжгүй, нийгмийн эмзэг давхаргын, анхаарал халамж тавих хүнгүй охид, эмэгтэйчүүдийг онилж, хохирогчоо болгодог. Тэдэнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл хууран мэхэлж, эд хөрөнгө бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг нь далимдуулан Монгол Улсад болон гадаадад хүчээр биеийг нь үнэлүүлж, ашиг олж худалдаалдаг нөхцөл байдал байгаа юм.