Израиль улс мягмар гарагт коронавирусийн омикрон хувилбар тархаж байгаа учраас 60-аас дээш насны хүмүүст COVID-19 вакцины дөрөв дэх тунг санал болгоно гэдгээ мэдэгдлээ.
Эрүүл мэндийн яамны шинжээчдийн зөвлөл COVID-19 вакцины дөрөв дэх тун хийхийг зөвлөсөн бөгөөд энэ шийдвэрийг Ерөнхий сайд Нафтали Беннетт "Энэ бол дэлхий даяар тархаж буй омикроны давалгааг даван туулахад бидэнд туслах сайхан мэдээ" хэмээн өчигдөр мэдээллээ.
Хэдийгээр энэ шийдвэрийг эрүүл мэндийн өндөр албан тушаалтнууд албан ёсоор батлахыг хүлээж байгаа ч Беннетт израильчуудыг тунг аль болох хурдан авахыг уриалж, "Миний захиас бол цаг битгий үрээрэй, вакцинд хамрагдаарай" хэмээн онцолжээ.
Израйльд омикрон хувилбартай өвчтөн нас барсны дараа ийм шийдвэр гаргасан байна. Өчигдөр Израилийн эмнэлэг омикрон хувилбарын халдвар аваад байсан өвчтөн нас барсан гэдгийг баталсан ч түүнийг урьд өмнө нь байсан хэд хэдэн ноцтой өвчнөөр өвчилсөн гэж мэдэгдэв.
Беершеба дахь Сорока эмнэлгийн төвөөс мэдээлснээр 60 гаруй насны эрэгтэй коронавирусийн тасагт хэвтсэнээс хоёр долоо хоногийн дараа буюу өнгөрсөн даваа гарагт нас баржээ.
Эмнэлгийн мэдэгдэлд өвчтөн олон төрлийн хавсарсан, хүнд өвчтэй байсан гэжээ. "Түүний өвчлөл нь коронавирусийн улмаас үүссэн амьсгалын замын халдвараас бус харин хавсарсан өвчлөлөөс үүдэлтэй" гэж мэдэгджээ.
Өчигдөр тус улсын Эрүүл мэндийн яам Израйльд Омикрон өвчний 340 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдэгдэв.
Израиль энэ долоо хоногт вирусийн тархалтыг таслан зогсоохын тулд АНУ, Герман, Итали, Турк, Канад зэрэг улс орнуудад зорчих хоригоо өргөжүүлсэн.
Беннетийн оффис нь алсын зайнаас ажиллахыг дэмжих үүднээс төрийн албан хаагчдын оффисын ирцийг 50 хувиар бууруулахыг зөвшөөрсөн байна.
Батлан хамгаалахын сайд Бенни Ганц армийн Дотоодын командлалд өдөрт 5000 шинэ тохиолдолд бэлтгэхийг тушаав гэж түүний ажлын алба мэдэгдэв.
Израилийн Эрүүл мэндийн яамнаас өндөр настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас гадна дархлаа султай иргэд гурав дахь тунгаас хойш доод тал нь дөрвөн сарын дараа дөрөв дэх тунд хамрагдаж болно гэж мэдээлжээ.
Эх сурвалж: CTV News