Cafe more кофе шопыг харааны бэрхшээлтэй таван залуу ажиллуулдаг. Манай редакцийн сурвалжлах баг тэдний байгууллагаар зочлон, Б.Ууганзаяа гэх хорин настай бариста залуутай ярилцсан юм. Харааны 90 хувийн алдагдалтай тэрбээр, “Жаахан ч болов харж л байгаа юм чинь зүгээр суухыг хүсдэггүй. Юм хийх хэрэгтэй. Миний хувьд хийж чадах зүйлээ олсон” хэмээн ярьж буй нь олон хүнд урам өгөх биз ээ.
Бид энэхүү кофе шопын сургийг анх удаа сонсож, тэр даруй очиж уулзахыг урьтал болгосон билээ. Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны нэг давхарт байрладаг эл газрын ажилчдыг, хэн ч харааны бэрхшээлтэй гэхээргүй. Яамны жижүүрээс эдгээр залуусын талаар асуухад, “Кофе шоп байдаг. Гэхдээ ажиллуулж байгаа хүмүүс нь хараад л байх шиг байдаг шүү дээ” гэж байсан юм. Ингээд тэдэнтэй уулзахад, нээрээ л хөгжлийн бэрхшээлтэй гэхээргүй хоёр залуу ажлаа шамдан хийж байлаа. Ярилцах зөвшөөрөл авч байхдаа л эдгээр залуус харааны бэрхшээлтэй болохыг анзаарсан. Учир нь тэд хийж буй ажлаа нэгэнт гартаа оруулжээ. Дөрвөн сарын сургалтад сууснаар харах шаардлагагүй ажлаа хийдэг болсон талаараа ч хэлэв.
Бариста Б.Ууганзаяагийн хувьд харах чадвараа алдаад дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Цусны хатингаршлын улмаас хараагүй болсон аж. Анх харах чадвараа алдаад найзуудтайгаа ч сагс тоглож чадахгүй болохоор их л сэтгэлээр унаж байсан тухайгаа ярилаа. Гэсэн ч хийж чаддаг зүйлээ олсон учраас тэгтлээ их гуниглаад байдаггүй гэсэн юм.
Мөн тэрбээр давхар ажил хийх төлөвлөгөөтэй байгаа. Өөрийн бизнесийн гарааг эхэлж, үйлчилгээний салбарт хүч сорино. Нөгөөтээгүүр бизнесээ амжилттай үргэлжлүүлж, мөнгө хураагаад байр авах зорилготой. Ингээд найз охин нь сургуулиа төгссөний дараа хуримаа хийж, хамт амьдрахыг мөрөөдөж буй талаар хэллээ.
Хорьхон насандаа бүх л амьдралаа төлөвлөчихсөн, үүндээ хүрэхээр хичээж буй залуу Б.Ууганзаяагаас бид ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эрүүл саруул хүмүүсийн тухайд ямар байр суурьтай байдгийг нь асуусан юм. Тэрбээр, “Миний эргэн тойронд тийм хүмүүс байж л байдаг. Ажил хийж үзээгүй. Анхны цалингаа аваад догдолж үзээгүй болохоор хэт хайнга ханддаг байх. Цалингаа голно, шалтаг тоочно. Энэ бүхнийг миний хувьд сайн муугаар дүгнээд байдаггүй. Гэсэн ч хүн хөдөлмөрлөх хэрэгтэй л гэж боддог” хэмээн эгэл даруу атлаа тун ухаалаг хариулт өгсөн юм.
Уншигч та Cafe more кофе шопоор үйлчлүүлж, эдгээр залууст дэмжлэг болоорой. Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны нэг давхарт байрлах энэ газраар үйлчлүүлэхдээ заавал иргэний үнэмлэхээ авчрах шаардлагатай гэдгийг мартуузай.
Таны уух нэг аяга кофе хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажлын байрыг бий болгоно.