Хүчирхийлэлд уучлал байх ёсгүй. Уучилж тэвчих нь хохирогчийг гэр бүлийн хүчирхийллийн тойрогт оруулж, өөрөөр хэлбэл насан туршийн дарамт бий болгодог. Энэ дарамт нь гэр бүл салалт эсвэл гэр бүлийн гишүүн болох хэн нэгний үхлээр намжина. Ингээд хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд ирээдүйн хүчирхийлэгч эсвэл хүлцэн тэвчигч болох юм. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэрэгтэй. Ингэж байж ирээдүйн эрүүл нийгмийг бий болох үндэс суурь тавигдана.
Бид өнгөрсөн удаа хүчирхийлэлд олон жил дарлуулсны эцэст тэмцэж чадсан эмэгтэйтэй ярилцлага хийсэн билээ. “Хүүхдүүдээ аваад Туул гол руу живээд үхмээр санагдаж байсан. Өнөөдөр та хүүхдийнхээ ирээдүйг бодож байгаа бол хүчирхийлэлтэй эвлэрч амьдрах биш үр хүүхдийнхээ төлөө ганц л алхам хийгээрэй. Түүнтэй битгий эвлэрч амьдраарай гэж хэлмээр байна” гээд уйлж байсан түүний энэ амьдрал олон эмэгтэйчүүдийн туулж, нуугаад өнгөрдөг асуудал. Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг судалгааны дүнгээр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн ердөө нэг хувь нь цагдаагийн байгууллагад ханддаг талаар мөн л бид өмнө нь сурвалжилж байсан. Үүнтэй холбогдуулан бид Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоос эрхзүйн хүрээнд оруулж буй шинэчлэлт болон уялдаа холбооны талаар мэдээлэл авсан юм.
Тэрбээр, “Гэр бүлийн хүчирхийллийг үйлдэж байгаа этгээдүүдэд ноогдуулах хариуцлагыг хэрхэн үр дүнтэй болгох уу, давтан гэмт хэрэг үйлдэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг асуудал байгаа. Хууль батлах бол нэг хэрэг. Хэрэгжилт чухал асуудал. Энэ нь зөвхөн Хууль зүй дотоод хэргийн яамны асуудал биш шүү дээ. Маш олон талын хамтын ажиллагаа нэгдсэн цогц арга хэмжээ байх ёстой. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд маань төдийлөн мэдээлэхгүй байна. Яагаад мэдээлэхгүй байгааг судлах шаардлагатай байна. Нөгөө талаас жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх нь зүй. Байдаг л зүйл мэтээр хүлээж авч болохгүй. Үүнд олон нийтийн оролцоо маш чухал. Бид хууль тогтоомжид сэтгэл санааны хохирлыг хэрхэн үнэлэх талаар нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Үүнтэй холбогдуулаад хууль зүйн асуудлыг бодлогын хүрээнд анхааралтай судлаад ажиллаж байна” гэсэн юм.