Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 12-р сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагаас болох тов гарчээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр олимпын аварга Н.Түвшинбаяр ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан байдаг. Э.Энхбат начин ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч биеийн байдал нь хүнд байсан учраас Өмнөд Солонгосыг зорьж, найман эмчилгээ хийлгэсэн. Тэрээр хоёр хоногийн өмнө буюу 12-р сарын 18-ны өдөр эх орондоо ирээд байна. Түүнийг “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг эх сурвалж хэллээ. Улсын начин Э.Энхбатын биеийн байдал хүнд, БНСУ-д эмчлүүлж байх үед дахин ямар нэгэн хагалгаа хийгдэх боломжгүй хэмээн буцаажээ. Тэрээр өнөөдөр ч ухаангүй байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.