"Ид шидийн уут" аян 2015 оноос хойш долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Жил бүр олон мянган хүүхдийг баярлуулдаг энэхүү аян бэлэг өгөхөөс гадна тэдэнд итгэл найдвар бэлэглэдэг гэж хэлэхэд буруудахгүй. Энэ жилийн эхний бэлгээ өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд хүүхдүүдэд бэлэглэсэн. Тэгвэл ковидийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим өрхийн орлогын төвшин буурч, хүүхдүүдэд боловсрол хүртээмжтэй бус хоцрогдол ихтэй байгаагаас гадна, хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байгааг Лантуу дохио ТББ-ын тэргүүн У.Ганбаяр бидэнд хэлсэн юм.
"ХҮҮХДИЙН НААД ЗАХЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ ХҮЧИРХИЙЛЭЛ"
"Хүн харахад бэлэг түгээгээд байгаа юм шиг мөртлөө нөгөө талаасаа эрсдэлтэй хэсгийг тодорхойлж байгаа гэж хэлж болно. Эргээд эрсдэлтэй бүлгүүдэд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ? үүнийг засаж залруулах ямар боломжууд байна вэ гэдэгт анхаарлаа давхар хандуулдаг. Хүүхдүүд өмнөхөөсөө ч илүү дотогшоо, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй байгаа нь өнгөрсөн долоо хоногийн аяны хүрээнд анзаарагдсан. Хүүхдүүдийн мөрөөдөл чинь уг нь маш гоё гэнэн цайлган хязгааргүй байдаг шүү дээ. Гэтэл зарим хүүхдүүд мөрөөдөл гэж юу болохыг ч мэдэхгүй амьдарч байна. Жишээлбэл хамгийн сэтгэл өвтгөсөн мөрөөдөл нь “Би солонгос яваад ажил хийгээд мөнгө олох нь миний мөрөөдөл” гэж тодорхойлж байгаа. Тэр бяцхан хүүхдийн хязгааргүй гэнэн цагаан мөрөөдөл гэдэг зүйл нь бүр алга болоод оронд нь мөнгө олох нь өөрөө түүний чухал мөрөөдөл. Тэгээд мөнгө олоод би энэ амьдралыг авч явах нь чухал гэдэг тийм мөрөөдөлтэй болтол нь бид нар хүүхдүүдийг хэцүү амьдрал, хэцүү зүйлсийг үзүүлчихсэн байгаад байна.
Нэг талаасаа төр засаг энэ бодит байдлыг мэдэж байгаа байж, нөгөө талаасаа зарим нь бүр бодит байдлаас тэс ондоо, гэр хороолол дундуур ч явж үзэж байгаагүй тийм хүмүүс хүүхдүүдтэй холбоотой бодлого баталж, гарын үсэг зураад тодорхойлоод байна. Тэр нь бодит амьдралд нийцэхгүй байна. Хэтэрхий "агаар"-ын байна. Тэгэхээр энэ болгоныг л бид нар өөрчлөх гэж тодорхой хэмжээний судалгаа шинжилгээний ажлууд хийдэг. Ид шидийн уут аянаас нэг ёсондоо ид шидийн орон хоёр төрсөн. Ид шидийн орон нэг төрсөн. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэднийг ойлгодог баймаар байна. Шийдвэр гаргагчид хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажиладаг болмоор байна. Нийтлэг бодит байдал дээр хүүхдүүд асар их нийгмээс тусгаарлагдаж байна. Маш их дотогшоо болчихсон. Боловсролын хоцрогдолд орж байна гэдгийг л илүү онцолмоор байна. Мөн үл хайхрах хүчирхийлэлд маш ихээр өртөж байна. Хүчирхийлэл гэхээр л аав нь зодоод, ээж нь архи уугаад байхыг хэлэхгүй. Хүүхдийн наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь өөрөө хүчирхийлэл. Энэ зөвхөн гэр хороололд нь биш байранд амьдардаг хүүхдүүдийн дунд ч байдаг. Нийт хүүхдүүдүүдийн эрхийн асуудал. Өнөөдөр үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүд шим тэжээлтэй хоол идэж чадахгүй байна.
Гэр нь галгүй, хоолгүй байна, өмсөх хувцасгүй байна. Боловсрол олж авах боломж, нөхцөл нь бүрдэхгүй байна. Энэ бүх хүчин зүйлийг эцэг эхчүүд ерөөсөө ухамсарлахгүйгээр ингээд хаяж байна гэдэг чинь өөрөө тэр хүүхдийн ирээдүйг тэр чигт нь хаяж байгаатай ялгаа ерөөсөө байхгүй. Боловсролын хоцрогдол хожим маш хортой. Иймээс боловсролын асуудал, энэ хоцрогдолд онцгойлон анхаарах хэрэгтэй. Хүүхдүүдэд зориулж буй мөнгөө ширээ, сандалд биш илүү бодитой, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн зүйлд нь зарцуулах хэрэгтэй байна. Хэрвээ өнөөдөр "Ид шидийн орон" хүүхдийн төв баригдаагүй бол өнөөдөр энэ хүүхдүүд гэртээ, гадаа, эсвэл худган дээр л байгаа. Тэдэнд зориулсан сурч боловсрох газар хомс байна" гэсэн юм.
Ид шидийн орон бол ууттай бэлэг өгдөг төдий аян биш. Хүүхдүүдийн зөрчигдсөн эрх, унтарсан зүрх сэтгэлд гал асааж итгэл найдвар бэлэглэж, тэдний төлөө хэн нэгэн байгаа гэдгийг мэдрүүлдэг аян учраас өнөөдрийг хүртэл тасралтгүй долоон жилийн турш зохион байгуулагдаж байгаа юм. Энэ аянд сэтгэл зүрхээ зориулан ажилладаг "Ид шидийн орон"-ы 300 гаруй сайн дурын залуу, хамтран ажиллаж, дэмждэг байгууллагууд, хандив өргөдөг сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар нэг бяцхан зүрхэнд ч гэсэн итгэл найдвар төрүүлдэг. Өвлийн өвөө, цасан охидын зүгээс хүүхэд бүрд урмын үгтэй захиа бэлэглэдэг. Ид шид бүтээх бэлэг юу ч байж болно. Иймээс хүүхдэд хэрэгтэй бүхнийг та хандивлах боломжтой.
ӨВЛИЙН ӨВӨӨ ОРЖ ИРЭХЭД ХҮҮХДҮҮД БАЯРЛАХГҮЙ БАЙХ ХЭМЖЭЭНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ НЬ ӨӨРЧЛӨГДСӨН БАЙНА
"Бэлэг бэлэглэж байгаа хоёр долоо хоногийн хугацаа л хүмүүсийн нүдэнд ил байдаг болохоос биш бэлэг цуглуулах ажил хоёр сарын өмнөөс эхэлдэг. Энэ жил ерөнхийдөө ковидийн нөхцөл байдал, тэгээд дээрээс нь хил хаагдчихсан байдлаас болоод хандивлагчид өмнөх жилүүдийг бодвол бага байгаа.
Гэхдээ хүмүүсийн ямар нэгэн байдлаар туслах юмсан гэсэн сэтгэл нь хэвээрээ байналээ. Тэрэнд нь л бид маш их талархууштай байгаа. Яг үнэндээ бид нарын өгч байгаа чихэр жимснээс илүү дулаан хувцас нэг куртка ч юм уу, нэг гутал илүү хэрэгцээтэй байгааг бид хэд өнгөрсөн хоёр өдөр маш сайн мэдэрлээ. Ер нь өмнө нь орж байсан айлууд дээр ороход массаараа нэлээн доошилсон байгаа нь анзаарагдсан. Аав ээж нь ажилгүй болчихсон ч юм уу. Тэгээд дээрээс нь хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт явахгүй маш удаан байхаар хүүхдүүд маш бүрэг болчихсон байсан. Өвлийн өвөө орж ирэхэд баярлахгүй байх хэмжээний сэтгэл зүй нь өөрчлөгдсөн. Ирэх долоо хоног хүртэл манай аян маань үргэлжлээд 12 сарын 26-нд хамгийн сүүлчийн өдөр нь байгаа. Бэлэг бүхэн хэрэгтэй, сэтгэлээсээ өгч байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ жилийн хувьд хувцас, гутал хандиваар бага ирж байгаа. Тиймээс хандивлагчдаасаа хүсэхэд арван ууттай бэлэг хандивлахаас илүүтэй оронд нь нэг гутал байвал хүүхдүүдэд дулаахан өвөлжих боломжийг нээж өгөх юм шүү гэж хэлмээр байна. Хүүхэд бүхэн инээнэ, ид шидийг бүтээнэ. Баярлалаа та бүхэндээ" гэж "Лантуун дохио" ТББ-ын сайн дурын ажилтан Б.Цагаанцоож хэлсэн юм .
Ид шидийн уут аян ирэх долоо хоногт дуусаж, өвлийн өвөө, цасан охин 12-р дугаар сарын 25, 26-нд л хүүхдүүдтэй уулзах учраас хэрвээ бэлэг, хэрэгцээт зүйлс хандивлахыг хүсэж байвал Улиастайн эцэст байрлах "Ид шидийн орон 2" төв болон 120 мянгатын бэлгийн түр баазад аваачиж өгөх боломжтой юм. Бэлэг хандивлахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Ид шидийн орон болон Лантуун хүү хаягаас лавлаарай.
ХҮҮХЭД БҮХЭН ИНЭЭНЭ, ИД ШИДИЙГ БҮТЭЭНЭ